Бясалгал

Бясалгал бол нам гүм, чимээ аниргүй далайн ёроол руу шумбан орохтой адил. Гүний гүндээ далай тэр аяараа аниргүй. Бодол биднийг сатааруулж үл чадна, учир нь бидний ухаан тэр аяараа амар амгалан, тэр аяараа аниргүй, тэр аяараа эв эе. - Шри Чинмой

banner.jpg


kundalini15_0.jpg

Бясалгалын үнэ төлбөргүй лекц

Шри Чинмойн Төв олон нийтэд зориулсан бясалгалын  лекцийг жилд хоёр удаа зохион байгуулдаг  бөгөөд энэ цуврал лекцийн дараа бясалгах сонирхолтой хүмүүст  анхан шатны зургаан долоо хоногийн хичээлийг явуулдаг. Дотоод амар амгалан бол хүмүүний төрөлхийн эрх учраас Шри Чинмой хүсэлтээр бид бүх бясалгалын лекц, хичээлийг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Та бясалгалын урлагт суралцахыг хүсвэл 99179013 утсаар холбоо барина уу.


Яагаад бид бясалгахыг хүсдэг вэ?

  • Өдөр тутмын стресс, ядаргаагаа тайлахын тулд
  • Дотоод амар амгаланг олохын тулд
  • Амьдралын гүн гүнзгий утга учрыг олохын тулд
  • Өөрийн бодол сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж сурахын тулд
meditation_0.jpg

 

1. Хэрхэн эхлэх

  • Бясалгал гэж юу вэ?
  • Бясалгалаас бид юуг хүртэж чадах вэ?
  • Өдөрт хэдэн удаа хир удаан бясалгах хэрэгтэй вэ?
  • Бясалгалдаа тохирсон байраа бэлдэх
  • Төвлөрлөөс эхэл
 

3. Урамшлаа хэрхэн хадгалах

Бясалгалын туршлагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай

 

2. Бясалгалын дасгалууд

  • Амьсгалын дасгал
  • Хөгжим
  • Залбирал

 

 4. Бясалгал хийхэд хэрэг болох зүйлсүүд

  • Үнэ төлбөргүй хөгжим татаж авах
  • Тарни
  • Бясалгалын тухай нийтлэлүүд
  • Онлайн бясалгалын хичээлүүд

1. Хэрхэн эхлэх



Бясалгал гэж юу вэ?

       Бясалгаж байхдаа бид бодлоо хязгаарлан оюун ухаанаа аниргүй, тогтуун болгодог.  Энэ үед бид бодлоо хянаж, юу ч бодохгүй байх хэрэгтэй. Сайн, муу бодлын аль аль нь үгүй оюун ухаан чөлөөтэй, амар амгалан байж чадна. Бидний бүхий л оршнол сав мэт. Сав маань юу ч үгүй хоосон болоход бид дотоод оршнолынхоо хамт  хязгааргүй Амар амгалан, Гэрэл гэгээ, Аз жаргалыг дууддаг. Энэ бол бясалгал.
       Бясалгал нам гүм, чимээ аниргүй далайн ёроол руу шумбан орохтой адил. Өнгөн талдаа давалгаа чимээтэй боловч өөрийн гүний гүнээ далай тэр аяараа аниргүй. Бясалгахдаа бид эхлээд өөрийн дотоод оршнолдоо хүрэхийг эрмэлздэг. Бидний дотоод оршнол далайн ёроолд буй хэмээн хэлж болно. Гадны хорвоо ертөнцөөс ирж буй давалгаа бидэнд нөлөөлж үл чадна. Бидний дотор бат бөх амар амгалан байгаа учраас айдас, эргэлзэл, түгшүүр зэрэг энэ дэлхийн сүйрэл юу ч үгүй угаагдан алга болдог. Бодол биднийг сатааруулж үл чадна, учир нь бидний ухаан тэр аяараа амар амгалан, тэр аяараа аниргүй, тэр аяараа эв эе. Тэрээр загас адил далайд үсчин сэлэх ч ул мөрөө ч үл үлдээнэ. Өөрийн өндөр дээд бясалгалдаа бид өөрсдийгөө далай мэт мэдэрдэг бөгөөд далайн амьтад бидэнд нөлөө үзүүлж эс чадна. Мөн өөрсдийгөө бид тэнгэр мэт санадаг бөгөөд тэнгэрийн шувууд бидэнд нөлөө үзүүлж эс чадна. Оюун ухаан маань тэнгэр юм, өр зүрх минь далай юм. Энэ бол бясалгал.


Бясалгалаас бид юуг хүртэж чадах вэ?

       Хүн бүр ханамжтай байж, аз жаргалыг хүсдэг. Аз жаргал үгүй бол энэ хорвоо дээр бид оршихын аргагүй. Саяын хөрөнгөтэй баячууд ч амьдралдаа сэтгэл дундуур байх нь бий. Учир нь мөнгө түүнд ханамжаас гадна аз жаргалыг өгч эс чадна. Аз жаргалгүй тэрээр хөөрхийлөлтэй. Яагаад бид аз жаргалтай байхыг хүснэ вэ? Учир нь бид ханамжийг хүсч байна.
       Бясалгал нь өөрийгөө хянах, өөрийгөө өөрчлөх хэмээх хоёр зүйлийг бидний өмнө барьдаг. Энэ хоёр үргэлжийн мөнх цугтаа явна. Бид нар бясалгаж байхдаа өөрийгөө шууд хянаж эхэлдэг бөгөөд өөрийгөө хянасан байхад бид болхи муу бодлыг тэтгэн хөхүүлэхийг хүсэхгүй болсноо мөн дахин мунхагийн дотор оршиж чадахгүй болсноо харна.
       Жинхэнэ амар амгалан, жинхэнэ баяр баясгалан, жинхэнэ хайрыг хүсч байвал бид бясалгах хэрэгтэй. Өдөр бүрийн  арван цагийн турш үргэлжилсэн бухимдал, уур уцаар, ханамжгүй байдлын дараах таван минутын амсхийлтийг бид амар амгалан гэж боддог. Бурханлаг амар амгаланг бид бясалгалаар л олно. Арван таван минут бясалгаад ядаж  нэг минутын амар амгаланг олж авбал, тэр нэг минутын амар амгалан үнэхээр үнэн бодитой бол  бүхий л өдрийн турш хадгалагдана. Өглөө эрт зургаан цагт бясалгаж чадвал бид өдрийн турш дотоод амар амгалан, дотоод баяр баясгалангаар дүүрэн байх боломжтой.
 

Өдөрт хэдэн удаа, хир удаан бид бясалгах хэрэгтэй вэ?

       Та сэтгэл зүрхний амьдралыг сонгосон бол өдөрт ядахдаа нэг удаа бясалгах хэрэгтэй. Гадаад ертөнц амар амгалан, тогтуун байхад хийсэн өглөөний бясалгал бол хамгаас сайн.
       Эхэндээ та бясалгалын тухай бодсоны хэрэггүй. Зөвхөн хэсэг хугацаанд зав гарган, аниргүй болж, энэ хэдэн минут зөвхөн юун ч бус ганцхан дотоод оршнолд чинь зориулагдаж байгааг мэдэр. Тогтмол байдал хамгийн чухал. Та тогтсон цагт, тогтмол бясалгалаа хийх хэрэгтэй.
 

Бясалгалдаа тохирсон байр бэлдэх

       Та гэртээ бясалгахдаа өөрийн өрөөний нэгэн буланг цэвэрлэж, түүнийг зөвхөн бясалгалдаа зориулж байх ариун газраа болгох хэрэгтэй. Өдөр тутмын бясалгалаа ганцаараа хийсэн нь дээр. Бясалгалаа эхлэхээсээ өмнө усанд орвол нэмэр болно. Мөн цэвэр, гэгээтэй хувцас өмсөхийг зөвлөж байна.
       Та өөрийн өмнө хүж уйгуулж, лаа асаан, цэцгийн баглаа тавьбал бас  нөлөөтэй. Өмнөө тавьсан цэцэгс танд зүрхний тань доторх цэцгийг санагдуулна. Хүж уйгуулах нь дотоод баялгийг тань аривжуулах урамшил, ариусалд нэмэртэй. Лааны дөлийг хараад та өөрийн дотоод тэмүүллийн дөл өндрөөс өндөрт асан дүүлэхийг мэдэрнэ.
 

Төвлөрлөөс эхэл

Эхлэгчид төвлөрлөөс эхэлсэн нь дээр. Эс бөгөөс ухаанаа түвшин болгож, юу ч бодохгүй байхыг  оролдох тэр мөчид танд үй түмэн хүсээгүй бодлууд орж ирэн та нэг ч агшин бясалгаж чадахгүйд хүрнэ. Төвлөрөх мөчдөө та өөрт тань нэвтрэх гэж оролдож буй сөрөг бодлуудтай тулалдаж эхэлдэг. Иймээс эхний үед хэдэн минутын турш зөвхөн төвлөрлөөр хичээллэ. Хэдэн долоо хоног юмуу хэдэн сарын дараа та бясалгалаар оролдож болно.

Та төвлөрлийн хүчээ хөгжүүлэхийг хүсвэл энд нэг дасгал өгье. Эхлээд нүд, нүүрээ өөртөө тохирохуйц хүйтэн усаар угаа. Дараа нь өөрийн нүдний түвшинд ханан дээр хар цэг тэмдэглэ.  Хананаас 25 см орчим зайтай зогсоод хар цэг дээр төвлөр. Хэдэн хормын дараа та энэ цэгээс л амьсгаагаа авч мөн энэ цэг амьсгалаа танаас авч байна хэмээн төсөөлөхийг оролдоорой. Та болон хар цэг л зөвхөн оршиж байна хэмээн мэдэр.

Бясалгалын үеийн байрлал суулт

Бясалгахдаа нуруугаа цэх босоо барьж, биеэ чөлөөтэй байлгах нь чухал. Аяндаа дотроос тань танд эвтэй байрлалыг өгөх бөгөөд үүнийг үргэлжлүүлэхээ та өөрөө мэдээрэй. Зарим эрэлчид хэвтээ байрлалд бясалгахыг илүүд үздэг ч энэ бол зөвлөхөөр зүйл биш юм. Та нойрны ертөнцөд орох эсвэл зүүрмэглэж мэднэ.

Ахимаг түвшний йогийн байрлал болох лянхуа суудал нь зөв бясалгахад зайлшгүй зүйл биш. Олон хүмүүс сандал дээр суугаад сайн бясалгадаг

 
Өдөр бүр
Чин сэтгэлээсээ аз жаргалтай байх нь
Бидний суралцах цорын ганц зүйл.

 

Зөв амьсгалах

Бясалгалын үед зөв амьгалах нь маш чухал үүрэгтэй. Амьсгаагаа аль болох маш удаан, чимээгүй хамрын тань өмнө маш нарийн хялгас тавьсан ч огт хөдлөхгүй байхаар авахыг оролдох хэрэгтэй. Амьсгалаа илүү удаан, тайван гаргахыг хичээгээрэй. Амьсгалаа гаргаж дуусаад дахин амьсгал авахаасаа өмнө болж өгвөл богинохон хугацаанд амьсгаагаа бариарай. Чадвал хэдэн хором амьсгалаа барь. Хэцүү санагдаж байвал үүнийг хийсний хэрэггүй. Биедээ болон амьсгалах эрхтэндээ хохирол учруулах зүйл бүү хийгээрэй.

Зүрхэндээ бясалгах

Зүрхэндээ бясалгах нь та өөрийн сэтгэл сүнсний байгаа газар бясалгаж байна гэсэн үг. Cэтгэл сүнсний гэрэл гэгээ, ухамсар бүх биеэр түгдэг нь үнэн ч ихэнх хугацаанд сэтгэл сүнсний оршин буй онцгой газар байдаг бөгөөд энэ бол зүрх билээ.  Гэгээрлийг хүсвэл та үүнийг зүрхэндээ оршин буй сэтгэл сүнснээс хүртэх ёстой. Хүссэн зүйлээ хаанаас олж болохыг мэдсэн тэр мөчид та тэрхүү газрыг зорих нь ойлгомжтой. Үгүй бол барааны дэлгүүрт хүнс эрэхтэй адил болно.

Өөрийн оюун ухаанаасаа авч болох мөн сэтгэл зүрхнээсээ хүртэж болох зүйлсийн хооронд асар их ялгаа бий. Оюун ухаан бол хязгаарлагдмал, зүрх бол хязгааргүй. Дотоод гүндээ та хязгааргүй амар амгалан, гэрэл гэгээ, баяр баясгалан. Түүнээс багахан хэсгийг авахад амархан. Оюун ухаандаа хийх бясалгал үүнийг танд өгч чадна. Гэвч та зүрхэндээ бясалгаж чадвал үүнээс хязгааргүй ихийг авч чадах болно.

Ихдээ гэхэд оюун ухаанаас  таны авч чадах зүйл бол урамшил. Тэр бол өөрөө хязгаарлагдмал. Жинхэнэ тэмүүллийн төлөө та зүрхэндээ хандах ёстой. Тэмүүлэл зүрхнээс ирдэг. Учир нь сэтгэл сүнсний гэгээрэл үргэлж тэнд оршиж байдаг. Зүрхэндээ бясалгавал та тэмүүллийг олоод зогсохгүй тэр тэмүүллийн биелэл болох сэтгэл сүнсний хязгааргүй их амар амгалан, гэрэл гэгээ, баяр баясгаланг олох болно.

Хэрэв та Бурханы Төрхийг харахыг хүсвэл
Түүний сонгомол зэмсэг болох өөрийн зүрхтэйгээ
Өдөр бүр ядаж хэсэг хугацааг хамт өнгөрүүлэх хэрэгтэй.

 

Сайн бясалгаж байгаагаа хэрхэн мэдэх билээ?

Зөв бясалгасан тохиолдолд та өөрийн эрхгүй ундрах баяр баясгаланг мэдэрнэ. Хэн ч танд сайн мэдээ хэлээгүй, хэн ч танд бэлэг өгөөгүй байхад,  хэн ч таныг магтаж, сайшаагаагүй, хэн ч таны төлөө юу ч хийгээгүй байхад та баяр жаргаланг дотроо мэдэрнэ. Энэ бүхнээс та өөрийгөө зөв бясалгаснаа мэдэх болно.

Зөв бясалгаснаа мэдэх өөр нэгэн арга бий. Илүү дээд ертөнцөд орж чадвал та өөрийн биеэ маш хөнгөрснийг мэдрэх болно. Даль жигүүр үгүй ч нисч чадах юм шиг танд санагдана. Үнэндээ маш дээд ертөнцөд ороход та өөрийн дотроо жинхэнэ шувууны адил чадвартай дүүлэн нисэх шувууг олж харна.

Та гадаад ертөнцийн талаар зөв бодолтой байж, алдаа дутагдал энд тэндгүй байвч эргэн тойрноо хайрлан харвал таны бясалгал сайн болжээ гэж та бодоорой. Дөнгөж бясалгасныхаа дараа та эрч хүч мэдэрч, энэ дэлхий дээр сайн зүйлийг бүтээх гэж мөн Бурханы жинхэнэ дүр , Түүний үнэнч зэмсэг болох гэж ирсэн гэж мэдэрвэл та сайн бясалгал хийжээ. Гэвч сайн бясалгаснаа мэдэх хамгийн хялбар арга бол амар амгалан, гэрэл гэгээ, хайр, баяр баясгалан дотроос тань илэрч гарсныг мэдрэх юм.

2. Бясалгалын дасгалууд

 
 

Амьсгалын дасгал

Амьсгал авах бүрдээ өөрийн оршнолдоо хязгааргүй их амар амгаланг оруулж ирж байна хэмээн төсөөлөхийг оролдоорой. Амьсгалаа гаргахдаа  дотор болон эргэн тойронд байгаа  тогтворгүй байдлаа хөөн тарааж байна хэмээн төсөөл.

Үүнийг хэдэн удаа хийсний дараа хорвоо ертөнцийн хүчийг амьсгалаараа авч байна хэмээн төсөөл. Амьсгалаа гаргахдаа айдас биеэс тань гарч байна гэж мэдэр. Энэ дасгалыг хэдэн удаа давтсаны дараа хязгааргүй баяр баясгалангаар амьсгалж, уйтгар гуниг, зовлон зүдгүүр, хямрал бухимдлаа амьсгалаараа гаргаж байна хэмээн төсөөлөөрэй.

Өөр нэгэн дасгалыг та оролдож үзэж болно. Агаараар бус сансрын эрч хүчээр амьсгал авч байна хэмээн төсөөл. Энэ эрч хүч хүрээгүй ганц ч газар таны биед байхгүй хэмээн мэдэр. Тэрээр гол мөрөн адил таны дотор урсаж, угааж, таны бүх оршнолыг ариусгаж байна. Амьсгалаа гаргахдаа өөрийн бүхий л бурханлаг бус бодол, харанхуй хүсэл, ариун бус үйлдэл гэх мэт хог хаягдлыг гаргаж байна хэмээн төсөөл.

 

Төсөөлөх дасгал: уужим тэнгэр

Нүдээ хагас нээлттэйгээр уужим тэнгэрийг төсөөл. Эхлээд энэ тэнгэр таны урд байна хэмээн дараа нь өөрийгөө яг энэ тэнгэр адил уудам боллоо эсвэл өөрийгөө уудам тэнгэр хэмээн төсөөлөхийг оролдоорой.

Хэдэн минутын дараа нүдээ аниад зүрхэндээ тэр тэнгэрийг харж, мэдрэхийг оролд. Өөрийгөө орчлон ертөнцийн зүрх хэмээн мэдэрч, өөрийн тань дотор урд нь бясалгаж, өөрийгөө адилтгаж байсан тэнгэр байна хэмээн төсөөл. Таны сэтгэлийн зүрх бол тэнгэрээс хязгааргүй уужим учраас та өөрийн дотроо тэнгэрийг амархан байршуулж чадна.

Төсөөлөх дасгал: зүрхний сарнай

Зүрхэндээ цэцэг байна хэмээн төсөөл. Та сарнайг сонголоо гэе. Тэр сарнай бүрэн боловсорч гүйцээгүй, булцуу хэвээр байна хэмээн бод. Хоёр эсвэл гурван минут бясалгасны дараа цэцэг цомирлог цомирлогоороо дэлбээлж байна хэмээн төсөөлөхийг оролд. Цэцэг зүрхний тань дотор цомирлог, цомирлогоор дэлбээлж байгааг харж, мэдэр. Таван минутын дараа дотор тань зүрх бус зөвхөн зүрх хэмээх нэртэй цэцэг байна хэмээн мэдрэхийг хичээ. Танд зүрх бус ганц цэцэг байна. Цэцэг таны зүрх болж, зүрх тань цэцэг боллоо.

Долоогоос найман минутын дараа тэр цэцгэн зүрх бүх оршнолыг тань бүрхлээ хэмээн мэдэр. Таны бие энд үгүй, толгойн оройноос хөлийн өлмий хүртэл та сарнайн анхилгыг мэдэрч чадна. Өөрийн хөлөө хараад сарнайн анхилгыг мэдэрнэ, гараа хараад сарнайн анхилгыг үнэртэнэ. Сарнайн үзэсгэлэн гуа,  үнэр анхилга, цэвэр ариун  таны бүхий л биед хаа сайгүй тархжээ. Толгойн оройноос хөлийн өлмий хүртэл зөвхөн сарнайн үзэсгэлэн гуа, үнэр анхилга, цэвэр ариун болсон цагт та өөрийгөө Хайрт Эзэн Дээдгэгээнийхээ Өлмийд зориулахад бэлэн болно.

Сэтгэл сүнстэйгээ өөрийгөө адилтгах дасгал

Ухаан бодлоо ариусгахын тулд өдөр бүр бясалгаж байхдаа хэдэн минутын турш надад оюун ухаан байхгүй хэмээн мэдрэх нь хамгийн сайн арга.  Өөртөө ийнхүү хэлээрэй: "Надад ухаан гэж үгүй, надад ухаан гэж үгүй. Надад байгаа зүйл бол зүрх. " Хэдэн хормын дараа "Надад зүрх гэж үгүй. Надад байгаа зүйл бол сэтгэл сүнс." хэмээн мэдэр. "Би бол сэтгэл сүнс" хэмээн хэлэх тэр мөчид та ариуслаар бялхах болно. Та зөвхөн "Би сэтгэл сүнстэй." гээд бус мөн  "Би бол сэтгэл сүнс." хэмээн хэлэн улам цааш явж, гүн рүүгээ орох ёстой. Энэ үед урьд өмнө үзээгүй хамгаас хөөрхөн хүүхдийг төсөөлж, таны сэтгэл сүнс энэ хүүхдээс хязгааргүй илүү үзэсгэлэнтэй хэмээн мэдэр.

"Би бол сэтгэл сүнс." хэмээн мэдэрч, хэлэх мөчид мөн энэ үнэн дээр бясалгах үед таны сэтгэл сүнсний хязгааргүй ариусал зүрхэнд тань орж ирнэ. Дараа нь зүрхнээс энэ хязгааргүй ариусал таны оюун ухаанд орно. Өөрийгөө зөвхөн сэтгэл сүнс хэмээн жинхэнэ мэдэрч чадсан тэр цагт сэтгэл сүнс таны оюун ухааныг ариусгах болно.

 

Хөгжимтэй бясалгал

Бясалгал, хөгжим хоёр салшгүй. Зүрхнийхээ гүний гүнээс амар амгалан, гэрэл гэгээ, баяр баясгаланг дуудах тэр мөч бясалгалын дээд хэлбэр. Бясалгалын дараа хөгжим, сэтгэлийн хөгжим, бидний тэмүүлэлт ухамсрыг хөглөн, дээш өргөх хөгжим орно.

Сэтгэлийн хөгжимтэй нэгдэх хамгийн сайн арга бол түүнийг сонсож байхдаа авч байгаа амьсгал шууд сэтгэл сүнсэд тань хүрч байна хэмээх дотоод гуйвашгүй итгэлтэй байх явдал юм. Таны амьсгалтай хамт Ертөнцийн Ухамсар, бурханлаг Бодит чанар, Бурханлаг Үнэн бас орж ирж байгааг мэдрэх хэрэгтэй. Дараа нь амьсгалаа гаргахдаа сэтгэл сүнсийг тань халхалж байгаа мунхаг харанхуйг гаргаж байна хэмээн мэдрэхийг оролд. Мунхаг харанхуйн тэр халхавчийг сөхөж, хаях ёстойг мэдэр. Ийнхүү ухамсартайгаар мэдэрч, төсөөөлж чадвал энэ нь таны сэтгэлийн хөгжимтэй нэг болох хамгийн сайн арга юм.

Хөгжмийг ухаанаараа ойлгох гэж оролдохоо болъё.
Түүнийг бүр зүрхээрээ мэдрэх гэж ч оролдохоо болъё.
Зүгээр л, зөнгөөр нь хөгжим шувууг зүрхэн тэнгэртээ нисгэе.
Нисэн дүүлэхдээ тэрээр нөхцөл болзолгүйгээр түүнд юу байгаа болон тэр юу болохоо бидэнд нээнэ.
Түүнд байгаа зүйл нь Мөхөшгүй Амьдралын илгээмж.
Түүний юу болох нь Үүрд Мөнхийн зам.
 

Талархалаар өөрийн дотоод чадвараа дээшлүүлэх нь

Оршоомж гэдэг бол бясалгалын үед Дээдгэгээний хур мэт буулгасан бурханлаг бэлгийг барьж, шингээж чадах бидний чадвар юм. Бясалгаж байхдаа оршоомжтой байхыг хүсвэл ухамсартайгаар гэрлийг өөрийн оршнолдоо оруулахыг оролдох хэрэгтэй. Гэрлийг өөрийн дотроо оруулж ирээд түүнийг зөв газар руу, сэтгэлийн зүрх рүүгээ чиглүүл. Үүний дараа энэ гэрэлтэй нэгдэхийг хичээгээрэй.

Хамгийн хялбар, үр дүнтэй оршоомжоо хүчтэй болгох арга бол өдөр бүр бясалгахаасаа өмнө Дээдгэгээнд өөрийн чин сэтгэлийн талархлаа өргөх явдал юм. Талархлаа Бурханд өргөхөд дотоод сав тань том болж ирнэ. Улмаар Бурхан илүү их Адислалаа тань дээр хур болгон буулгах эсвэл Өөрийн бурханлаг Оршнолоороо тань руу бүрэн орох чадвартай болно. Бурхан хязгааргүй ч оршоомжоос маань шалтгаалан бидний дотоодод нэвтрэн орж чадна. Бурхан нарны туяатай адил. Би хөшгөө нээлттэй байлгавал нарны гэрэл орж ирнэ. Хөшгөө хаалттай орхивол гэрэл орж ирэхгүй. Хөшгөө илүү нээллтэй орхих тусам Бурхан бидний дотор хязгааргүй гэрэлтэйгээ хамт орж ирнэ.  Бид талархалаа дэвшүүлэхэд нэн даруй Бурханы гэрэл бидний оршнолд бууж ирнэ.

Талархал бол дээдийн дээд мөн чанартаа өөрийгөө өргөхүй.  Талархал тань бусад хүнд бус өөрийн тань дээд мөн чанарт тань очиж байна. Танд дээдийн дээд мөн чанараа олон, Түүнтэй нэгдлээ тогтооход тусална.

Гуа үзэсгэлэн надад өглөөний сарнай мэт ирлээ.
Үүрэг надад өглөөний нар мэт ирлээ.
Бурханлаг надад өглөөний тэмүүлэл мэт ирлээ. 

 

 

Тарний хүч

Тарни увидаст зүйл. Тэрээр үе, үг, холбоо үгс эсвэл өгүүлбэр байж болно. Тарнийг олон удаа давтан дуудахыг жапа гэнэ. Тарни Бурханы тодорхой чанарыг илэрхийлдэг бөгөөд тарни бүр онцгой ач холбогдлыг тээж, дотоод хүч агуулдаг.

Ухаан тогтворгүй улмаас та гүний гүн бясалгалдаа орж чадахгүй бол танд тарни ашиглах боломж гарна. Та "Дээдгэгээн" эсвэл "Ом" эсвэл "Бурхан" хэмээн хэдэн минут давтаж болно.

Та оршнолдоо гүйцэд ариусалд хүрэхийг хүсэхэд, хэрэв та системтэй, шат дараатай давтвал тарни хамгийн үр дүнтэй. Эхний өдөр "Ом" эсвэл "Дээдгэгээн" эсвэл Багшийнхаа өгсөн ямар ч тарнийг таван зуун удаа давт. Дараагийн өдөр нь зургаан зуу удаа давт. Тэрний дараагийн өдөр долоон зуун удаа гэх мэт долоо дахь өдөрт мянга хоёр зуун удаа болохоор тарниа давтаарай. Дараа нь өдөр бүр тоог буулгасаар таван зуу хүргээрэй. Энэ мэтээр та дээш авиран, доош бууж чадна.

Ихэнхдээ жапагаа дуусч байх үед та өөрийн зүрхэндээ тарни давтагдаж байгааг сонсох болно. Амандаа та юу ч хэлэхгүй ч гэсэн таны дотоод бие тарнийг өөрийн эрхгүй давтаж эхэлсэн байна.

3. Урамшлаа хэрхэн хадгалах

 
 

Ном уншин урамшил авах

Та бүр эхлэн суралцагч бол сэтгэл зүрхний хэд хэдэн ном, судар уншсанаар эхэлж болно. Эдгээр нь танд урамшлыг өгнө. Та өөрийнхөө итгэлтэй сэтгэл зүрхний Багшийн ном унших хэрэгтэй. Ухамсрын хамгийн өндөрлөгт хүрсэн сэтгэл зүрхний багш нар бий. Тэдний номыг уншвал та урамшил авах нь гарцаагүй. Гэгээрэлд хараахан хүрээгүй, замдаа явж буй профессор эсвэл эрдэмтэн эсвэл зэрэг горилогчийн номыг уншихгүй байсан нь зүгээр. Ганцхан Үнэнд гэгээрсэн хүн л Үнэнийг дэвшүүлэх чадвартай болно. Үгүй бол сохор хүн сохор хүнээ дагуулахтай адил.

Нөхөрлөлөөсөө урамшил авах

Хэсэг хугацаанд бясалгаж байгаа хүмүүстэй холбоотой байх нь бас сайн зүйл. Энэ хүмүүс танд заах түвшинд байгаа биш ч таныг урамшуулж чадах болно. Тэднийг бясалгаж байхад хажууд нь зөвхөн суухад л таны дотоод бие тэднээс хэсэг бясалгалын хүчийг олж авна. Та тэднээс юу ч хулгайлж аваагүй харин таны дотоод бие тэднээс  гадаад ертөнцөд мэдэгдэхгүйгээр тусламжийг авч байна.

Урам зоригоо хадгалах

Нэгэн өдөр та бясалгах ямар ч урам зориг, эрч хүч байхгүй бол юу хийх вэ? Сэтгэл зүрхний амьдралд орохоосоо өмнө хэн байснаа эгшин зуур эрэгцүүлээд үз. Өмнө нь хэн байсан, одоо хэн болсныхоо ялгааг харах цагт өөрийн эрхгүй Дээдгэгээнд талархах талархал таны дотор бялхах болно. Учир нь Тэрээр таныг урамшуулж, дотоод дуудлагыг сэрээсэн бөгөөд таны дотор, танаар дамжуулан Өөрийгөө илэрхийлнэ.

Таны хийж чадах өөр нэгэн зүйл гэвэл та дээдийн дээд бясалгал хийж байсан үеэ санах бөгөөд зориуд энэ туршлага руу гүн гүнзгий орох явдал юм.  Энэ туршлагын охь болсон сэтгэл хөдлөл, баясал жаргалаас болон хэрхэн үсрэн харайж байснаа санагтун. Эхний үед та үнэн хэрэгтээ ингэж бясалгаж байгаагүй учраас энэ туршлагыг зөвхөн төсөөлж болно. Гэвч та энэхүү төсөөллийн ертөнцөд ороод арав, арван таван минут тэндээ байвал таны бясалгалд өөрийн эрхгүй хүч орж эхлэх бөгөөд тэрээр үр өгөөжөө өгнө. Улмаар энэ мэдрэмж огт төсөөлөл байхаа больж, та үнэндээ бясалгал ертөнцийн гүнд байх болно.

Тэмүүлэлт оролдлого үргэлж ханамжит үр өгөөжийг өгнө.
Заримдаа энэ нь хугацаа шаардах ч
Үр өгөөж нь гарцаагүй ирнэ.

Итгэл бүү алдар!

 

Эхэндээ сайн бясалгаж чадахгүй бол та бүү санаа зов. Жирийн амьдралд ч, ямар нэгэн салбарт их сайн болоход хүнд хэр олон жил ажиллах ёстойг Бурхан л мэдэж байгаа байх. Хэрэв чадвартай төгөлдөр хуурч хөгжим анх тоглож эхэлсэн үеийнхээ жишгийг санавал инээд нь хүрэх болно. Алгуур ахисаар тэрээр хөгжмийн одоогийн түвшинд хүрчээ.

Сэтгэл зүрхний амьдралд адилхан, эхэндээ та бясалгах хэцүү хэмээн бодож магад. Гэвч өөрийгөө шахсаны хэрэггүй. Өглөө эрт арван минут бясалгахад болно. Аажмаар таны чадвар ихсэнэ. Та өдөр бүр хичээллэвэл дотоод амьдралдаа дэвшил гаргах болно.

Оролдоод бай!
Хамгийн сүүлийн түлхүүр хаалгыг онгойлгох нь олонтой.
Үүнтэй нэгэн адил таны сүүлийн залбирал танд аварлыг хайрлаж,
Таны хамгийн сүүлийн бясалгал танд гэгээрлийг хайрлаж магад.
 

Тогтсон жишгээ хадгалах

Өдөр бүр эн тэнцүү чухал гэдгийг сана. Ажлаа гайгүй хийсний дараа хэсэг амрах хувьтай хэмээн бодох нь таны хувьд алдаа юм. Өнөөдөр та гайхамшигтай бясалгаад дараа нь “Өнөөдөр гайхалтай сайхан бясалгасан учраас би маргааш амарч болно. ” хэмээн бодож болно. Бясалгал тань хурдаа алдахгүй байна хэмээн та бодох боловч үгүй юм.

Та бясалгах бүрдээ энэ бол миний хамгийн сүүлийн боломж байж магадгүй хэмээн бодох ёстой. Маргааш энэ дэлхийгээс яван одож ч магадгүй хэмээн бод. Тиймээс өнөөдрийг алдвал та нойл дүн авах болно. Багш өнөөдөр чамд шалгалтын хуудас өгсөн бол тэр чамаас маргааш яг ижилхэн шалгалт дахин авна хэмээн бүү бод. Өнгөрсөн зүйл яван одлоо. Ирээдүй бол ирээгүй байна. Зөвхөн одоо л оршино. Энд одоо л та бурханлаг болох ёстой, үгүй бол өчигдөр шигээ бурханлаг бус үлдэнэ. Бурханлаг болохыг хүсч байгаа учраас та энд, яг одоо зөв зүйлийг хийх хэрэгтэй. Таны байр суурь ийм л байх ёстой.

Та өнөөдөр бол зорьсоноо гүйцээх миний хамгийн сүүлийн өдөр хэмээн өөртөө итгүүлэх хэрэгтэй. Хэрэв та өнөөдөр зорьсондоо хүрээгүй бол маргаашийг дахин таны хамгийн сүүлийн өдөр хэмээн бодоорой.

Хэзээ ч бүү шантар!

Бид тогтмол төвлөрч, бясалгах юм бол амжилтанд хүрэх нь дамжиггүй. Үнэхээр чин сэтгэлээсээ хийж чадвал бид өөрсдийн зорилготоо хүрнэ. Гэвч нэг бэрхшээлтэй зүйл нь бид нэг хоног эсвэл долоо хоног чин сэтгэлээсээ байж байгаад дараа нь бясалгал бидэнд зориулагдсан юм биш байна хэмээн бодож болох талтай.  Хоногийн дотор бид Бурханд гэгээрэхийг хүсч байна. Бид ийнхүү бодно: “Долоо хоног эсвэл сар эсвэл жил бясалгаад үзье.” Жилийн дараа Бурханд гэгээрээгүй бол бид бууж өгнө. Сэтгэл зүрхний амьдрал бидэнд тохирохгүй юм байна хэмээн бид бодно.

 Бурханы гэгээрлийн зам бол урт. Заримдаа замаар явж байхдаа та навчис, цэцэгс, жимстэй маш сайхан моддыг харна. Заримдаа ямар ч үзэсгэлэнт байгаль үгүй зам дурайна. Зарим үед та эзгүй цөлд үргэлжлэх зах хязгааргүй зам дээр явж байх бөгөөд зорилго тань хүрэхийн аргагүй хол юм шиг бодогдоно. Зам хол эсвэл ядарсан болоод тэмүүлэлгүй гэдгээс шалтгаалж аяллаасаа няцаж болохгүй. Та бурханлаг баатар байж, зоригтой, цөхрөлтгүй цоглог алхах хэрэгтэй. Өдөр бүр та дахин нэгэн мил (1.6 км) аялах бөгөөд зөвхөн нэгэн алхам хийснээрээ аажмаар та өөрийн зорилготоо хүрнэ. Энэ үед та зовсныхоо үр дүнг лавтай мэдэрнэ.

Бүү шантар.
Та цөхрөлтгүй байваас
Маргаашийн амгалан буун ирж таны ухааныг тэтгэх болно, өнөөдөр.
Маргаашийн төгөлдөр буун ирж таны амьдральд  хүрэх болно, өнөөдөр.

4. Бясалгал хийхэд хэрэг болох зүйлсүүд

 
 

Хөгжим

Газар дэлхийн хөгжим, Дээд тэнгэрийн хөгжим, Дээдгэгээний хөгжим гэсэн гурван төрлийн хөгжим бий. Газар дэлхийн хөгжим бидний виталыг сэргээж өгдөг. Дээд тэнгэрийн хөгжим биднийг гэгээрүүлж, бидний дотор бурханлагийг түгээдэг. Дээдгэгээний хөгжим бол бидний доторх Бодит мөн чанарт ханамжийг авчирдаг.


"Амьдралын урсгал"
Шри Чинмойн лимбэний цомог
 

 

 
 
guru_with_flute_0.jpg
 
 
 

 
"Оршнол-Ухамсар-Жаргалан"
Шри Чинмойн цомог
 

 

 
 
 guru_with_other_instrument_0.jpg
 
 
 

 

 

Тарни

Сэтгэл зүрхний амьдралд тарни маш чухал үүрэгтэй. Тарни нь хүний сэтгэл зүрхний дэвшлийг хурдасгах буюу түүнд дотоод гүндээ нэвтрэн ороход туслах увьдаст үйл юм. Тарнийг давтсанаар бид тухайн бурханыг дуудан ирүүлэх эсвэл өөрсдийн дотоод бурханлагаа гаргаж ирж чадна. Тарни бол биднийг гэгээрэл рүү хөтлөх нэг зам юм.

 
  • Gayatri Mantra

Гаятрын тарни

 
 
Aum bhur bhuvah svah tat savitur varenyam
Bhargo devasya dhimahi dhiyo yo nah pracodayat

We meditate on the transcendental glory of the Deity Supreme
Who is inside the heart of the earth,
inside the life of the sky
And inside the soul of the heaven.
May He stimulate and illumine our minds.
 
Дэлхий ертөнцийн зүрхэнд орших,
Огторгуй тэнгэрийн амьдралд орших,
Дээд тэнгэрийн сэтгэл сүнсэнд орших
 Бурхан Дээдгэгээний үнэмлэхүй ялалт дээр бид бясалгана.
Биднийхээ оюун ухааныг урамшуулж, гэгээрүүлээч.
 
 
 
  • Aum Govindaya namaha 

Хамгааллын тарни

 
 
Эх дэлхийг маань
Живэн сүйрэх аюулаас аварсан
Эзэн Дээдгэгээндээ
Залбиран мөргөе.
   
 
 
  • Aum Aparajitaya namaha
 

Мунхаг харанхуйд бууж өгөхгүйн тарни

 
Хэзээ ч ялагдашгүй Тэр нэгэнд
Би залбиран мөргөе.
 
 
 

 

  • Aum Rudraya namaha

 

Хувьсал өөрчлөлтийн тарни

 
Энэ дэлхийн бүхий л зовлонг Арилгагч
Тэр нэгэнд
Би залбиран мөргөе.
 
 
 

 

  • Aum Amritaya namaha

 

Баяр баясгалангийн тарни

 
Хязгааргүй Баяр баяслын Охийг
Эзэмшигч Тэр нэгэнд
Би залбиран мөргөе.
 
 
 
  • Buddham Saranam Gacchami

Будда Бурханд зориулсан тарни

 
 
Buddham Saranam Gacchami.
Dhammam Saranam Gacchami.
Sangham Saranam Gacchami.
I go to the Buddha for refuge.
I go to the Dharma for refuge.
I go to the Sangham for refuge.
Авралыг эрэн Будда Бурханд би очно.
Авралыг эрэн Судар ном руу би тэмүүлнэ.
Авралыг эрэн Сүсэгтэн олон руу явна.