Books by Sri Chinmoy

АНИРГҮЙ СУРГАХУЙ

by Sri Chinmoy

Энэхүү номд зөн билгийн урамшлаас гүн ухааны өгүүлэмж цаашлаад дасгал, практикийн хэсэг үргэлжилнэ. Шри Чинмой багшийн бичсэн бүтээлүүд нь ариун судрын шинж чанартай байх агаад уншигч олонд ямар ч эргэлзлийг үл төрүүлнэ. Мөн эдгээр нь үнэн бодит агууламжтайн дээр үг хэлнээс чанадад орших аниргүй ертөнц рүү бид бүгдийг урин дуудах увидастай.

СҮНСНИЙ ДУУЛАЛ

by Sri Chinmoy

Энэ бол төгс гэгээрсэн Багш Шри Чинмойн хос бүтээлийн цомог юм. Хэдийгээр хоёр бүтээл өөр өөрийн онцлог чанарыг агуулсан ч хоёулаа хүн, Бурхан хоёрын харилцааны талаар өгүүлнэ. Сүнсний дуулалд буй шүлгүүд нь хүний дотоод сэтгэлийн гүний гүнээс гарсан мөнхийн Үнэнийг ухаарсан ухаарлаа илэрхийлэх дууллууд юм. Тэдгээр нь хүний дотоод гэрлийг шууд дуудан илтэд гарган ирэх чадалтай. Зүрхний цэцэгс нь өөдлөн асах хүмүүний тэмүүллийн галд хандах агаад дотоод сэтгэлийнх нь дуудлага хий хоосон өнгөрдөггүйг батлан өгүүлнэ. Хүмүүн өөрөө хязгаарлан боох зовлонт ертөнцөөс баяр баясгалан эрх чөлөөг олох чадалтай юм, олох ч хувьтай юм.

ШРИ ЧИНМОЙ БАГШИЙН ТӨГС МЭРГЭН СУРГААЛ

by Sri Chinmoy

Өнө эрт цагаас агуу сэтгэл зүрхний Багш нарын цаглашгүй мөнхийн сургааль үгс нь судар номуудад бичигдэн үлдэж, хүн төрөлхтний хамгийн эрхэм нандин өв болсоор ирсэн билээ. Христийн үлгэр дууриал болсон амьдрал Шинэ Гэрээнд тодхон бичигдэж үлдсэн байдаг бол Буддагийн зам нь Дхармападад бий. Шри Кришнагийн айлдсан өнө мөнхийн үнэнийг Бхагавад Гита судар илэрхийлэн харуулдаг бол Шри Рамакришнагийн эгнэшгүй сургаалийг Шри Рамакришнагийн бурханлаг айлдвар хэмээх ном агуулж байдаг. Харин Шри Чинмойн энгийн ойлгомжтой сэтгэл зүрхний гэгээн сургаалийг Шри Чинмой Багшийн Төгс мэргэн сургаал хэмээх энэ номонд эмхтгэн нэгтгэлээ.

САМАДИ БА СИДХИ

by Sri Chinmoy

Энэ бол дотоод ертөнц буюу цаг хугацаа, орон зай, оюун ухааны хилээс чанадад орших ертөнцийн тухай мадаггүй зөв тайлбарлан өгүүлсэн цөөн хэдэн бүтээлийн нэг юм. Тэрхүү ертөнцөд өөрийн туулж өнгөрүүлсэн бүхнээ Йогийн гарамгай Багш Шри Чинмой тайлбарлан бичсэн энэ номноос та онол, философийн өгүүлэмж бус дотоод ертөнцийн бодит ахуй байдлын талаар мэдэх болно.

ТЭМҮҮЛЛИЙН НОЁН ОРГИЛ

by Sri Chinmoy

Эверест бол хамгийн сүрлэг өндөр гэсэн утгатай агаад оргилын өндөрт хүрье гэж эрмэлзэх хүн төрөлхтний шийдмэг зоригийн илэрхийлэл болдог билээ. Бүтээгч Бурхантай нэгдэнэ гэдэг дотоод сэтгэлийн Эверест Оргилд хүрэхийн нэр бөгөөд эрхмийн дээд тэрхүү зорилгот хүрэх гэж өнө эрт цагаас нааш хүн төрөлхтөн эрмэлзэн тэмүүлсээр ирсэн юм. Эверестийн оргилд авирч гарна гэдэг хэцүү бэрхийн туйл боловч туршлагатай сайн хөтөч осол эндэлгүй замчлан явсаар сэтгэлийг баясгах ялалтын титэмд хүргэдэг билээ. Тэмүүлэлт уншигчийн зүрх сэтгэлийг өөрийгөө танин ухаарахуйн оргил өөд залуурдан хөтлөх эрдэмтэй ховор нандин энэ номондоо Шри Чинмой Багш Бурханы эрэлчин хийгээд Бурханыг танин мэдсэн хүний сэтгэлийн гүнээс гарах ухаарал, айлдваруудыг яруу сайхнаар өгүүлэн бичжээ.

БЯСАЛГАЛ

by Sri Chinmoy

Энгийн ойлгомжтой хэлээр бичигдсэн Шри Чинмой Багшийн ном таныг төвлөрөл, бясалгалын анхан шатнаас дияаны дээд шатанд хүрэхэд хөтөч тань байх болно. Энэхүү номонд бясалгалын арга барил, төвлөрлийн хүчээ хөгжүүлэх тухай, үүрдийн амгаланг хэрхэн олох талаар талаар дэлгэрэнгүй бичиж, бясалгалын янз бүрийн сэдвээр 150 гаруй асуултад хариулжээ. 

Номны хэсгээс....

Бид яагаад бясалгадаг вэ?

Бясалгал үйлддэгийн маань учир бол хорвоо дэлхий бидний сэтгэлийг хангаж чадахгүйгээс шалтгаантай. Өдөр тутмын амьдралдаа бид арван цагаар зовнил, түгшил, гуниг гутралд дарагдаж явсны эцэст сая нэг таван хором амсхийснийгээ амар амгаланд умбалаа гэж хэлдэг. Биднийг атаа хорсол, айдас эргэлзэл, түгшил зовнил, гуниг гутрал гэх зэрэг харанхуйн хүчнүүд ямагт тойрон бүчиж эрхшээлдээ байлгах ажээ. Тэд бол сармагчин л гэсэн үг. Тэдгээр сармагчингууд биднийг хазаж зулгаасаар залхаж ядраад хэдхэн хором амсхийх зуур нь бид өөрсдийгөө амар амгаланд умбаж байна гэж бодно. Гэвч энэ бол хэрхэвч жинхэнэ амгалан биш. Төд удалгүй тэд дахиад л довтолж эхэлнэ. Зөвхөн бясалгалын л ачаар жинхэнэ, тэнгэрлиг амар амгаланг олж болно. Хэрэв өглөө эрт чин үнэн сэтгэлээсээ бясалгал үйлдээд, ганц минут ч болов амар амгаланг мэдэрч, хүртэж чадвал тэр маань бүхэл өдөржингөө хадгалагдана. Хэрвээ үнэхээр дээд бясалгал үйлдвэл жинхэнэ, үүрдийн амгалан, гэрэл, баясгаланг хүртэнэ. Бид гэрэл гэгээнд хүрч, гэрэл гэгээний дотор оршиж сэтгэл ханамжтай болохыг хүсдэг. Тиймээс л бясалгал үйлдэх шаардлагатай байдаг юм. Хэрэв бид гэрэл гэгээний төлөө тэмүүлдэг бол, хэрэв гэрлийг хүсэн цангадаг бол түүнд хүрэх цорын ганц зам нь бясалгал болно.Өөртөө юу байгаа хийгээд өөрөө хэн байгаадаа сэтгэл хангалуун бол бидэнд бясалгал үйлдэж суухын хэрэг үгүй билээ. Чухам дотроо өлсч байгаа учраас л бид бясалгах болсон. Бид дотроо ямар нэг гэгээлэг, тэнгэрлиг, уужим юм байгааг мэдэрч байна. Тэр бидэнд чухаг боловч одоохондоо түүнд хүрэх чадваргүй байна. Дотоод өлсгөлөн маань ийнхүү бидний дотоод сэтгэлийн хэрэгцээнээс үүдэн гардаг.

Бясалгал гэдэг буйдхан суухын нэр биш

Хорвоо дэлхийгээс нүүр буруулж, зөвхөн зовлон зүдгүүрээ мартахын төлөө юм бол бид буруу шалтгаанаар бясалгалын замд хөл тавьж байгаа хэрэг. Гутарч гансраад, сэтгэл тааламжгүй байгаагаасаа болж сэтгэл зүрхний амьдралын замд орсон бол цааш хол явж чадахгүй байж мэднэ. Хүслээ гүйцээж чадсангүй болохоор би өнөөдөр орчлон хорвоод сэтгэл таагүй байна. Гэвч маргааш болоход “Дахиад нэг оролдоод үзье. Энэ удаад сэтгэл минь ханах ч юм билүү” гэж хэлнэ. Яван явсаар хүслийн амьдрал гэдэг хэзээ ч сэтгэл хангахгүй болохыг ухаарч дотоод амьдралд орох хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тэмүүлэл юм.

Тэмүүллийн амьдралдаа бид зөвхөн Бурханыг хүсдэг. Хэрэв бид чин үнэн сэтгэлээсээ Бурханыг хүсч байгаа бол Тэр бидэнд Өөрийгөө өгөн соёрхох нь гарцаагүй. Гэхдээ Тэрбээр үүнийг сонгосон цагтаа, Өөрийн аргаар биелүүлнэ. Бид тодорхой нэг чанарыг хүсч түүнийхээ төлөө чин үнэн сэтгэлээсээ залбирч, бясалгадаг бол Бурхан бээр тэрхүү чанарыг хүртээн соёрхоогүй байсан ч сэтгэл хангалуун байна. Тэгээд ч, “Юу нь зөв болохыг Бурхан мэднэ. Одоохондоо би тэр бүх чанарыг хүртэхэд бэлэн биш байна. Намайг бэлхэн болохын цагт Тэрбээр бүхнийг хүртээх нь гарцаагүй” гэж хэлнэ. Тэмүүллийн амьдралд бидний сэтгэлийг амжилт бус тэмүүлэл маань ханамжтай болгодог. Тэмүүлэл өөрөө бидний сэтгэлийн ханамж юм.

Ухамсартай тэмүүлэл ба чармайлт

Сэтгэл зүрхний ертөнцөд албадлагаар, хүчлэн хүрч болдоггүй. Дотоод сэтгэлийн гэрлийг хүчээр буулгаад ирж ч чадахгүй. Түүнийг өөрөө буугаад ирэхийн цагт бид зөвхөн тэмүүллийнхээ хүчээр л хүртэж чаддаг. Хэрэв бид гэрэл гэгээг чадлаасаа хэтрүүлж хүчээр буулгаад ирвэл дотоод сав маань эвдэрнэ. Тэгэхээр гэрэл гэгээг хэрхэн хүртэх вэ? Ухамсраа бид хэрхэн өргөжүүлэн тэлж, дээрээс буун ирсэн гэрлийг оршоож шингээх чадвартай болох вэ? Энэ бүхний хариулт бол бясалгал юм. Бясалгана гэдэг тав арван минут хий хоосон, чимээ аниргүй суухын нэр биш. Үүний тулд ухамсартай чармайлт хэрэгтэй. Ухаан амгалан тайван байхын дээр хорон бодол, хүсэлд автахгүйн тулд сэрэмжтэй байх хэрэгтэй. Ухаанаа амгалан тайван болгож чадвал дотроо шинэ бүтээл дэлгэрч байгааг мэдэрнэ. Ухаан чөлөөтэй тогтуун байхад хамаг орших ахуй маань хоосон сав мэт болж, дотоод оршнол маань үлэмжийн амгалан, гэрэл, жаргаланг дуудан ирүүлээд тэрхүү савыг дүүргэж чадна. Энэ бол бясалгал юм.

Бид өөрсдийгөө бясалгахыг хичээгч гэж үзвэл бясалгал гэдэг яривагтай юм шиг санагдана. Чухамдаа жинхэнэ бясалгалыг бид үйлддэггүй. Дотоод Жолоодогч - Дээдгэгээн бээр бидний дотор, бидний биеэр дамжуулж ямагт бясалгал үйлдэж байдаг юм. Бид бол зөвхөн сав бөгөөд Түүнд бүх Ухамсараараа савыг дүүргэх боломж олгодог. Бид чармайж эхэлдэг боловч нэгэнт дотоод гүндээ хүрч чадвал чармайлт маань биднийг бясалгал үйлдэхэд хүргээгүй болохыг ухаарна. Дээдгэгээн л бидний дотор, бидний биеэр, бидний ухамсартай ухаарамж, зөвшөөрлөөр бясалгал үйлдэж байгаа юм.

Хүн бүрийн сүнс өөрийн гэсэн бясалгах аргатай. Миний бясалгах арга танд эс зохино. Таны бясалгах арга надад үл таарна. Өөртөө эс зохихыг үйлдэхийн учир үр өгөөжгүй бясалгадаг олон эрэлчин бий. Хэрэв танд залж, жолоодох сэтгэл зүрхний Багш үгүй бол дотоод гүндээ умбаж, өр зүрхнийхээ угаас бясалгалынхаа аргыг олоорой.

Эхлэгчдийн хувьд ингэх нь маш хэцүү. Та дотроо гүнийн гүнд одож дотоод дуу хоолой, бодол санаагаа сонсох хэрэгтэй. Дараа нь тэрхүү дуу хоолой, бодол санааныхаа дотор нэвтэрч, ямар ч эргэлзээ сэжиг төрүүлэхгүй харин дотоод баяр баясгалан, амар амгаланг хүртээж байгаа эсэхийг нь хар. Зөвхөн үүнийг л мэдэрч байгаа бол тэр сонссон дотоод дуу хоолой бол таны сэтгэл зүрхний амьдралд гарцаагүй тус дэм хүргэх жинхэнэ дотоод дуу хоолой гэдгийг нь ойлгоорой.

Хэрэв та гэгээрсэн Багштай бол түүний аниргүй харц таныг хэрхэн бясалгахад сургана. Багш танд хэрхэн бясалгахыг тайлбарлаж ярих ч юмуу бясалгах тусгайлсан аргыг илтээр зааж сургах шаардлагагүй. Тэрээр танд төвлөрөн бясалгаж хэрхэн бясалгахыг дотоод аргаар зааж сургана. Таны сүнс түүний сүнстэй учирч, түүний сүнснээс суралцана. Сэтгэл зүрхний жинхэнэ Багш нар бясалгалыг аниргүйгээр зааж сургадаг.

Бясалгалын туйлын зорилго бол Бурхантай ухамсартайгаар нэгдэхэд оршино. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд ч гэлээ одоохондоо Бурхантай нэгдмэл болохоо ухамсарлаагүй байна. Хүн Бурханд итгэж болох боловч энэ итгэл нь бодитой итгэл байдаггүй. Хэн нэгэн гэгээнтэн, Йог эсвэл сэтгэл зүрхний Багшаас Бурханы тухай дуулж сонссондоо, эсвэл ном судраас Бурханы тухай уншиж мэдсэндээ Бурханд итгэдэг. Гэвч бясалгал үйлдсэнээрээ бидэнд Бурхантай ухамсартайгаар нэгдэх өдөр ирнэ. Тэр цагт Бурхан бээр бидэнд цаглашгүй амгалан, гэрэл, жаргалангаа хүртээн соёрхох агаад бид тэрхүү цаглашгүй амгалан, гэрэл, жаргалан нь болж хувирна.

АСУУЛТ, ХАРИУЛТ

Яаж бясалгал үйлддэг вэ?

Бясалгал үйлдэх хоёр арга бий. Нэг арга нь ухааныг аниргүй болгох юм. Жирийн хүн ухаанаа аниргүй болгочихвол өөрөө мангар, тэнэг болчихно гэж боддог. Юу ч бодохгүй бол ухаан юм бүхнээ алдчихна гэж үзнэ. Гэвч сэтгэл зүрхний амьдралд энэ нь худал юм. Сэтгэл зүрхний амьдралдаа ухааныг аниргүй болговол шинэ бүтээл, Бурханд өргөх шинэ амлалт ухааны дотор тодрон гийж байгааг үзнэ. Одоохондоо бид Бурханд өргөсөн амлалтаа биелүүлээгүй, өөрийгөө тэр чигээр нь Бурханд зориулаагүй байна. Тийм боловч ухааныг аниргүй болгож чадвал Бурханыг баярлуулж, Таалалыг нь биелүүлэх боломжтой болно.

Өөр нэг арга нь зүрхээ хоослон чөлөөлөх арга юм. Яг одоогоор зүрх хөөрлийн үймээн, ариун бус тамираас үүдэлтэй хүндрэл, бэрхшээлд дарагдсан байна. Зүрх бол сав юм. Одоо тэр сав маань биднийг хязгаарлах дорд мунхаг зүйлсээр дүүрчээ. Хэрэв бид зүрх хэмээх саваа султгаж хоосолж чадвал түүнийг тэнгэрлиг амгалан, гэрэл, жаргалангаар дүүргэж чадах хүч бий. Чухам тэдгээр чанарууд л биднийг эрх чөлөөтэй болгож чадна. Дотор нь буй мунхгийн харанхуйг хаяж зүрхээ султгасан бол Бурханы Мэргэн Гэрэл буун ирж түүнийг дүүргэнэ.

Бурханд итгэдэггүй хүн бясалгал үйлдэж болох уу?

Бурханд итгэдэггүй хүн бясалгал үйлдэж болох боловч юунд ч хүрэхгүй. Бясалгал бол Бурханд хүргэх зам. Хэрэв та Бурханд итгэдэггүй бол энэ замаар замнахгүй нь лавтай.

Бясалгал нь дээд бодит үнэн мөн үү?

Эхлэгчдийн хувьд бясалгалыг дээд бодит үнэн гэж хэлж болно. Нэлээд ахиж дэвшсэн хүн бясалгал бол зөвхөн дээд бодит үнэнд хүргэх зам болохыг ухаардаг. Хэрэв хүн мунхгийн дотор амьдарч байсан бол, хэрэв тэрээр амьдралдаа ганц хором ч атугай бясалгал үйлдэж байгаагүй бол бясалгал гэдэг түүнд ухамсар нь хүрч чадах хамгийн дээд бодит үнэн болно. Харин тэрээр хэдэн жил бясалгал үйлдсэний эцэст бясалгал бол дээд бодит үнэн биш гэдгийг ухаарна. Хамгийн дээд бодит үнэнд бясалгалын замаар хүрдэг.

Дотоод сэтгэлдээ ахин дэвшсээр гэгээрэлд хүрсэн хүний бясалгалын чиг өөрчлөгдөх үү?

Гэгээрэлд хүрснийхээ дараа хүн эрэлчдийн үйлддэгчилэн бясалгах шаарлагагүй болдог. Дээдгэгээнтэй нэгдэж гэгээрэлд хүрсэн бол түүний бясалгал зогсолтгүй болдог. Эрэлчин хүн Бурханы гэгээрэлд хүрсэн бол ямар нэг юманд хүрч, ямар нэг юмны чанадад гарах шаардлагагүй болно. Тэрээр хүн төрөлхтөнд амгалан, гэрэл, жаргаланг буулган ирэх гэж эсвэл өрөөлийн ухамсрыг дээшлүүлэх гэж бясалгал үйлддэг.

 

 

ИХ СУРГУУЛИУДЫН ЕРТӨНЦӨӨС ИРҮҮЛСЭН ЕРӨӨЛТ УРИЛГУУД

by Sri Chinmoy

Шри Чинмойн Вашингтоны Их сургууль, Флоридагийн Олон улсын Их сургууль, Колумбийн их сургууль, Викторигийн Их сургууль, Техасын Их сургууль, Швед улсын Стокольм хотын Хөгжмийн Академи болон Нэгдсэн Үндэсний Байгууллагад уншсан лекц, яруу найргийн эмхтгэлийг энэхүү номоор дамжуулан уншигч олноо хүргэж байна. Мөн номонд их сургуулиудын тэнхимийн эрхлэгч, мужийн захирагч нар, НҮБ-ийн дэргэдэх зохиолчдын эвлэлийн ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүс Шри Чинмойд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулсан түүхэн үйл явдлууд, фото зургийн хамт багтжээ.

БУРХАНЫ ЦАГ

by Sri Chinmoy

Жилийн 365 өдөрт оноон бичсэн энэхүү цэцэн билгийн мөр уншигч та бүхэнд ухаарлыг хайрлана гэдэгт бид итгэж байна. Шри Чинмойн шүлэг бүр та бүхний оюун ухаанаас илүүтэйгээр зүрх рүү тань чиглэдэг. Учир нь зүрх түүний шүлгийн жинхэнэ мөн чанар, үнэнийг мэдэрч, тэдгээрийг өөрийн хэмээн тунхагладаг билээ.

ЙОГ БА СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АМЬДРАЛ

by Sri Chinmoy

Энэхүү номонд йогийн сургаалийн мөн чанар болоод Дорно дахины сэтгэл зүрхний амьдралын гайхамшигийг нээн харуулжээ. Шри Чинмой төгс гэгээрлийнхээ туршлагаар йог гэж юу вэ, хэн йогоор хичээллэвэл зохих вэ? зэрэг сүнс, сэтгэл зүрхний амьдралын асуултуудад хариулж, бясалгал үйлийн үрийн тухай тодорхойлон дурдаж өгсөн. 

БАГШ ШАВЬ ХОЁР

by Sri Chinmoy

Гүрү гэж хэн бэ? Дотоод сэтгэлийн гэгээрлийн төлөө тэмүүлэн буй эрэлчдэд Гүрү-багш нь замыг заагч төдийгүй өөрөө зам нь болдог юм. Шри Чинмой Багш энэхүү номондоо Гүрүгээ хэрхэн олох, жинхэнэ сэтгэл зүрхний багшийг хуурамч нэгнээс хэрхэн ялган таних, Бурханы гэгээрэлд хүрсэн Багшийг хэрхэн мэдэх тухай бичсэн бөгөөд Гүрү, шавийн харилцааны тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Мөн та энэ номноос сэтгэл зүрхний амьдралдаа ахин дэвшихийн тулд танд үнэхээр Багш хэрэгтэй юу, Гүрү тань таны үйлийн үрийг авах ямар учиртай вэ, Багшийн жолоодлогоор дотоод амьдралдаа хэрхэн ахиц гаргах вэ гэдэг талаар мэдэж авах болно.

ТЭНГЭР БУРХАДЫН БҮЖИГ

by Sri Chinmoy

Тэнгэр бурхад хэмээвээс Оройн Дээдгэгээний дүрүүд билээ. Энэхүү номонд Шри Чинмой тэнгэр бурхад болоод охид тэнгэр, тэдгээрийн гарал үүсэл, чухал шинж чанаруудыг дурджээ.

БУРХАН, АВАТАРУУД, ЙОГУУД

by Sri Chinmoy

Та энэхүү номноос Аватар, Йог, сэтгэл зүрхний Багшийн тухай, тэдний ялгаа мөн Багш, шавь хоёр, тэдний холбооны талаар мэдэж авах болно. Мөн Шри Чинмой энэ номондоо жирийн хүн гэгээрэлд хүрэхэд хир хугацаа шаардагдах, баяр баясгалангийн охь болсон ухамсрын дээд түвшний талаар уншигч олны асуусан асуултанд хариулжээ.

ХҮҮХДИЙН СЭТГЭЛ, ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ

by Sri Chinmoy

Энэхүү номондоо Шри Чинмой үр хүүхдээ Бурханыг хайрлах сэтгэлтэй, аливаад зүрх сэтгэлээсээ хандах чадвартай, дотоод хийгээд гадаад амьдралдаа сайн хүн болгохын тулд эцэг эх нь ямар үүрэг хүлээх учиртайг энгийнээр өгүүлсэн байна.

ҮХЭЛ БА ХОЙТ ТӨРӨЛ

by Sri Chinmoy

Ойр дотны хүнээсээ хагацаж уй гашуу болсон олон хүнийг төдийгүй өөрийг нь үхэл дайрна хэмээн айдаст автсан нэгнийг ч энэ ном тайтгаруулж, үхэл гэж чухам юу болохыг үнэн зөвөөр нь ойлгуулсаар ирсэн юм.  Үхлийн дараа юу тохиолддог болох, үхлээс айх айдсаа хэрхэн ялах, үхэл гэж үнэхээр гашуун зовлон мөн эсэх, хорвоог орхиж буй хүнд хэрхэн туслах, хойт төрөл гэж юу вэ, үхлийн дараах сүнсний аялалын талаар энэ номонд дурджээ.

АГЬ СИДААРТА БУРХАН ХУТГИЙГ ОЛСОН НЬ

by Sri Chinmoy

Шри Чинмой багш нь энэхүү жүжгийн бүтээлдээ Будда хэрхэн Гэгээрлийг олсон хийгээд Гэгээрлийнхээ үр жимсийг хүн төрөлхтөнд хэрхэн түгээн дэлгэрүүлснийг яруу сайхнаар буулган бичжээ.

ЗУРХАЙ, ТЭНГЭРҮҮД, ЧАНАДЫН ОРОН

by Sri Chinmoy

Олон нийтэд зориулсан Бясалгал, их сургуулиудад уншсан лекцүүдийнх нь үеэр Шри Чинмой Багшаас хувилгаан шид, зурхай, нисдэг таваг, дээд тэнгэрүүдийн тухай асуусан асуултуудад хариулсныг Та энэхүү номноос унших болно.

МӨНГӨН ЗҮҮДНИЙ ЖИГҮҮР

by Sri Chinmoy

Гайхал төрүүлж, урмыг бадраах нь зүүдний мөн чанар хэдий ч түүнийг учир нь үл тайлагдах хуурмаг сонин учралууд ямагт дагалдах нь маргашгүй үнэн билээ. Зүүд хэмээгч нь зөнтэй үзэгдлээрээ бидэнд дотоод цэцэн билэг, мэргэн ухааныг хайрлах чадалтай. Түүнчлэн ирээдүйг тольдон үзүүлж, биднийг гамшиг зовлонгоос авран гэтэлгэх агаад хүнд бэрхшээлийг даван гарах арга ухааныг харамгүй өгч, дотоод сэтгэлийн гайхамшигт сайхан туршлагыг эзэмшүүлдэг. Эрхэм дотно хүнээ зүүдэндээ үзсэний ачаар сэтгэл маань тайтгарах нь ч бий. Тэгээд ч тэр бид ямагт баяр баясгалан, амар амгалангаар бялхсан зүүдэндээ умбан байхыг хүсдэг. Айдас төрүүлж, сэтгэл сэртхийлгэсэн хар дарсан зүүд амгалан нойрыг минь хулжаагаад зогсохгүй сэрүүн байхад ч сэтгэлд хөндүүр хар бараан дүрээрээ биднийг шаналган зовоодог. Тийм аймшигт зүүднээс тэмцэж ядан сэрээд бид ийм зүүд хаанаас ирээ юм бол гэж хачирхаж бид гайхдаг. Энэхүү номондоо Шри Чинмой гайхлыг төрүүлсэн янз бүрийн зүүднүүдийг хэрхэн тайлбал зохихыг, нийтлэг тохиолдох зүүдийг хэрхэн ойлгохыг мөн зарим зүүдээ хэрхэн хянахыг өгүүлжээ.

МОГОЛЫН ИХ ХААД

by Sri Chinmoy

Алдар нэр нь дэлхий дахинаа түгсэн Моголын их хаан Төмөр болон түүний үр удам, эзэнт төрийг үе дамжин барилцсан хаадын сонирхолтой түүхүүдийг энэ номд бичжээ. Эдгээр хаад төр болоод ард иргэдийн хэргийг хэрхэн цэцэн мэргэн ухаанаараа шийдэж байгаа тухай яруу сайхан өгүүлсэн нь уншигч олны сэтгэлийг баясгаж, ухааныг урамшуулна гэдэгт бид итгэлтэй байна.

СҮНСНИЙ ЦЭЦЭРЛЭГ

by Sri Chinmoy

Хайр, Нигүүлсэл, дотоод амар амгалан, эв эеийн тухай Шри Чинмойн өнө мөнхийн сургаал нь урмыг бадраам шүлэг, мэргэн үг, ардын үлгэр зэргийг агуулсан энэ сайхан эмхэтгэлд тусгалаа олжээ. Энгийн үг хэллэгтэй ч асар их хүчтэй энэ бүтээл Дорно дахины мэргэн цэцэн билиг эрдмийг хэн бүхний зүрх сэтгэлд хүргэх чадалтай.

ВЕДА, УПАНИШАД, БХАГАВАД ГИТА

by Sri Chinmoy

Энэтхэгийн эртний уламжлалт шашны судар болсон Вед, Упанишад, Бхагавад Гитагийн тайлбар анх удаа англи хэл дээр энэ ботиор биелэлээ оллоо. Уг ботид эмхтгэгдсэн лекцүүдийг Шри Чинмой 1970- аад оны эхээр Америкийн Нэгдсэн Улсын Их сургууль, коллежуудад уншиж байсан юм. Вед, Упанишад, Бхагавад Гитагийн талаар зохиогч номондоо ийнхүү дурджээ: “Энэ судрын цэцэн билгийн нандин гэрэлд умбахын тулд түүнийг уншин судлах хэрэггүй юм. Бурханд гэгээрсэн тэр л хүмүүн бүх судрын мөн чанар, охь нь болоод зогсохгүй өнгөрсөн үеийн мэдлэгийн далайн чанадын чанадад гарах болно.”

ХӨГЖМИЙН ЭХ БУЛАГ

by Sri Chinmoy

Энэхүү номны тэргүүн хэсэгт Шри Чинмойн хөгжмийн дотоод утга чанарыг тайлбарлажээ. Хөгжим гэдэг ухамсраа өргөжүүлэн тэлэхэд хүнд тус нэмэр болдог уналга тэрэгтэй адил бөгөөд дотоод ертөнцөд байх бурханлаг Ухамсарын бодит илэрхийлэл юм. Түүний өгүүлснээр: "Хөгжим гэдэг дээд 'Би' -гийн дэлгэрэл хийгээд нэгдэл билээ. 'Би' -нь өөрийгөө хөгжмөөр дамжуулж дэлгэрүүлэн тэлэх агаад тэрхүү дэлгэрэн тэлэгч 'Би' бол бодгал 'би' бус хязгаарлагдашгүй 'Би' юм."

Номны хоёрдугаар хэсэгт дотоод сэтгэлийн хөгжил дэвшилд түлхэц өгөх тарни болон жапаны тухай өгүүлжээ. Мөн хэсэгт дотоод сэтгэлийн хөгжлөө ахиулах, эрүүл мэндээ сайжруулах, эд хөрөнгөө аривжуулах зэрэгт тарни ямар үүрэгтэй байдгийг дурдсан байна.

Номны хэсгээс...

Хөгжим гэдэг Бурханы дотоод хэл буюу хамаг орчлонгийн хэл билээ. Би хэдийгээр Франц, Герман, Итали хэлний алийг нь ч мэддэггүй боловч хөгжим эгшиглэхэд тэрхүү хөгжмийн дотоод мөн чанар нь миний зүрх сэтгэлийн гүнд хүрэх буюу миний зүрх сэтгэл тэрхүү хөгжмийн дотоод гүнд нэвтрэн уусдаг юм. Тэр цагт зүрх сэтгэлийн дотоод холбоо л хангалттай байх тул ямар ч хэл яриа шаардлагагүй болдог. Миний зүрх, хөгжмийн зүрхтэй хүүрнэн ярилцах агаад тэрхүү хүүрнэлийнхээ ачаар бид ялгаж салгашгүй нэг болж хувирдаг.

Дотоод сэтгэлийн ертөнцөд эрхэм чухагаараа бясалгалын дараачаар хөгжим – хөгжмийн амьсгал ордог. Бясалгал гэдэг эрчимжүүлэн гүйцэлдүүлэгч аниргүй юм. Аниргүй гэдэг илэрхийлэгдэмгүйн уран илэрхийлэл юм. Тиймээс ч Альдоус Хаксли: “Илэрхийлэгдэмгүйг хамгийн ойр дөт илэрхийлж чаддагаараа аниргүйн дараачаар хөгжим ордог юм” гэж хэлжээ.

Аниргүй бол бүхний эх ундарга. Аниргүй бол хөгжмийн эх ундарга. Аниргүй гэдэг чухамдаа өөрөө хөгжим юм. Аниргүй бол Дээдгэгээний хамгийн гүн яруу, хамгийн сэтгэлийг баясгагч хөгжим юм. Аниргүй бол оргилон ундарч, урсан тэлсээр гол мөрөн аль эсвэл захгүй их далай тэнгист цутган нийлэх урсгалтай ижил юм.

Аниргүй гэдэг үүр юм. Хөгжим гэдэг шувуу юм. Жиргэн дуулагч шувуун өглөө эрт үүрнээсээ нисэн одож, үдэш орой үүрэндээ эргэн ирдэгчлэн дотоод сэтгэлийн ертөнцөд бурханлаг хөгжим нь аниргүй сүнсний дотоод гүнээс үүдэн эгшиглэдэг билээ.

Сэтгэлийн Хөгжим

Сэтгэлийн хөгжим нь Оройн Дээдгэгээнийг илэрхийлэх тул зүрх сэтгэлийг маань хоромхон хугацаанд сэрээж, урамшуулах эрдэмтэй юм. Сэтгэлийн хөгжим гэдэг өөрийгөө бурханлаг аргаар илтгэн харуулахыг эрмэлзэх Гэрэл билээ. Энэ хорвоод мунхгийн түнэр харанхуй нь өөрийгөө тунхаглан зарлахыг санаархдагчилан Гэрэл ч бас өөрийнхөө Бодит, Бурханлаг чанарыг онцгой аргаар илэрхийлэн тунхаглахыг эрмэлздэг. Гэрэл бол алив бүхний амин сүнс, хайрын амин сүнс, бүх урлагийн амин сүнс. Гэрэл өөрийгөө хөгжмийн эгшигээр дамжуулж, бурханлаг аргаар тунхаглавал тэрхүү хөгжим нь сэтгэлийн хөгжим болдог юм.

Хөгжим гэдэг дээд “Би”-гийн дэлгэрэл хийгээд нэгдэл билээ. “Би”-нь өөрийгөө хөгжмөөр дамжуулж дэлгэрүүлэн тэлэх агаад тэрхүү дэлгэрэн тэлэгч “Би” бол бодгал “би” бус хязгаарлагдашгүй дээд “Би” юм. Хөгжим гэдэг дээдийн Бодит үнэний түгэл, дэлгэрэл билээ.

Хөгжим сэтгэл зүрхний амьдрал хоёрыг ижилхэн төрсөн ихрүүд адил юм гэдгийг ухаарахын цагт хөгжим нь бидний дотоод сэтгэлийн амьдралд асар их тус нэмэртэй болдог. Үнэндээ бол хөгжим, сэтгэл зүрхний амьдрал хоёрыг ангид үзэж болшгүй юм. Биесээ түшин зэрэгцэн байдаг хоёр гар, хоёр нүдээ бид хэрхэн ангид тусдаа зүйлс гэж үзэж болох билээ? Хэрэв нэг нүд маань сайн харж чадахгүй байвал хараа маань муудаж байна гэж хэлдэг шүү дээ. Түүнчлэн хөгжим, сэтгэл зүрхний амьдрал хоёр хамтдаа явж, нэгнийхээ дутууг гүйцээж байх учиртай. Эрэлчин хүн дотоод гүндээ умбаж амьдрал хийгээд үнэн, бодит ахуйгаас зүйрлэшгүй их сэтгэлийн ханамж хүртэхэд нь хөгжим тус дэм болдог. Үүний хариуд сүнсний гэрэл болсон хүч чадлаа хорвоо дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд нь хөгжимд сэтгэл зүрхний амьдрал тус дэмээ хүртээнэ.

Сэтгэлийн хөгжим сонсох юмуу тоглоход тэр даруй дотоод ахуй маань өөдлөн өөдөлсөөр оргилын дээдэд хүрдэг. Тийнхүү улам дээшилсээр Чанадын оронд хүрнэ. Тэрхүү Чанад нь бид бүхнийг цаг үргэлж дэмжиж, биднийг удирдан залж, хэтийдсэн дээд дүр болсон жинхэнэ бурханлаг чанарт маань хүргэхийг эрмэлзэж байдаг. Сэтгэлийн хөгжим сонсох буюу сэтгэлийн сайхан аялгуу тоглоход дотоод ахуй маань өлмийгөөс зулай хүртлээ хамаг биеэрээ уяран хайлдаг. Бидний дотор, бидний биеэр ухамсрын мөрөн гол урсах агаад тэрхүү мөрөн гол үргэлжид ариун тунгалаг хэвээрээ мяралзан байдаг.

Хөгжим ба Бясалгал

Хөгжим бол эрхэм чухагаараа залбирал, бясалгалын дараа орно. Бясалгал гэдэг зорьсон зорилгод хүргэх шулуун дөт зам лугаа адил бол хөгжим нь өргөн дардан замтай ижил юм. Ялимгүй тойруу, урт байж мэдэх хэдий ч энэ замд өчүүхэн ч бартаа саад гэж үгүй. Сэтгэлийн хөгжим тоглох юмуу сонсвол бясалгалын хүч арвиждаг. Яагаад вэ гэвэл хөгжим бол хүний тэмүүллийг нэмэгдүүлэх эрдэмтэй юм. Түүнчлэн сэтгэл зүрхний эрэлчин хүн хөгжимчин болохыг хүсвэл, хөгжмийн суурь боловсролгүй байсан ч сайн хөгжимчин болох боломжтой юм. Учир нь гэвэл залбирал, бясалгалд боломж бүхэн агуулагдаж байдаг. Хэзээ ч хөгжимд суралцаж байгаагүй ч хэрэв та сэтгэлийнхээ угаас залбирал, бясалгал үйлддэг бол Дээдгэгээний Ивээлээр залбирал, бясалгалын тань дотроос хөгжмийн зүйрлэшгүй сайхан авъяас хүч тодрон гарах агаад тэрхүү хүчийг та өөрийнхөөрөө хэрэглэж болно.

Сэтгэлийн хөгжим эгшиглэх бүрийд бид урам зориг, баяр баясгаланг олно. Ухамсрыг маань ирмэх хормын дотор өндөр дээд ертөнцөд хүргэх хүч хөгжимд бий. Гэхдээ зөвхөн хөгжмөөр хязгаарлагдалгүй, хэрэв бид залбирал, бясалгал үйлддэг бол, сэтгэл зүрхний амьдралын замыг ухамсартайгаар дагадаггүй эгэл жирийн хөгжимд дурлагч хүнээс хавьгүй их гэгээрэл, биеллийг олох нь эргэлзээнгүй билээ. Дотоод сэтгэлийн хөгжимчин бүхэн энэ хорвоод Бурханы Гэрлийг ухамсартайгаар түгээж байдаг. Бурхан бол сансрын Тоглогч, мөнхийн Тоглогч, харин бид түүний зэмсгүүд юм. Чухамдаа Дээдгэгээн л зөв зэмсгийг бүтээж, тоглогчоор мадаггүй зөв тоглуулж, хөгжимчнийг төрүүлдэг билээ.

КҮНДАЛИНИ: Бурхан эхийн хүч

by Sri Chinmoy

Энэхүү номондоо төгс гэгээрсэн Багш, Күндалинийг сэрээх янз бүрийн арга, түүнчлэн гурав дахь нүд болон бусад төвүүдийг хэрхэн нээх тухай өгүүлжээ. Күндалини Хүчийг бүх түвшинд нь үзэж туулсан хүний хувиар Шри Чинмой Багш зарим нэг төвийг нээснээр үүдэж болох сэрэмжлүүштэй аюул ослын тухай ч сануулсан байна. Мөн чакра нээгдэж байгааг хэрхэн мэдэх, Күндалини болон Бурхан Эхийн хоорондын холбоо, Күндалинигаас чанад ертөнц дэх онцгой чухал туршлагын тухай бичжээ. Энэ номонд Шри Чинмой Багшийн дөрвөн лекц, мөн энэ сэдвээр асуусан асуултын хариулт зэрэг нь агуулагдаж байна.

Номын хэсгээс...

ЭХ ДҮРЭЭР ЗАЛРАХ БУРХАН

Бурхан хэмээвээс бидний Эх хийгээд Эцэг билээ. Тэрбээр арга ба билиг. Күндалини хүч гэдэг Дээдгэгээн Охин тэнгэр, Эх дүрт Бурханы хүч юм. Заримдаа Өөрийнх нь Хүчийг үзэхийг хүссэн хүүхдүүдтэйгээ Бурхан Эх наадан цэнгэхийг таална. Заримдаа хүүхдүүдийнхээ хүчийг үзье хэмээн таалаад наадам бүхнээр наадан цэнгэнэ. Тийнхүү хүүхдүүдийнхээ зиндаанд буун залраад хэрэв сахилга журмыг сайтар дагаж, сайтар хичээх аваас ямар их хүчтэй болж чадахыг нь үзүүлдэг. Хүүхдүүд нь үүнд сэтгэл татагдан баясаад, “Эх маань ийм хүчтэй. Эх маань тийм чадалтай” гэж хөөрнө.

Күндалини Хүчээ үзүүлэхийн тулд Эх илт доош бууж ирэх шаардлагатай болдог. Тэрбээр зарим нэг хувилгаан шидийг үзүүлэхэд хүүхдүүд түүнд суралцахыг хүснэ. Үүнд нь Эх: “Тэгвэл эхлээд ийм наадамд суралцах хэрэгтэй” хэмээн айлдаад хамгийн өндөр дээд Хүч, хамгийн өндөр дээд Ухамсраа үзүүлнэ. Хүүхдүүд үүнийг алмайран гайхаж, “Эх маань ийм агуу юм!” гэж дуу алдацгаана. Тэд тийнхүү хайр, бишрэл, огоорлын эрдэмд суралцаж эхэлдэг. Бурхан Эхээ Өөрийнхөө жинхэнэ Дүр болох хамгийн дээд Дүрээрээ залран байхыг үзээд тэдгээр Күндалини хүч бүгдээрээ юу ч биш болохыг тэд ухаарна. Күндалини хүчийг үзүүлнэ гэдэг өчүүхэн цог, цучилаар наадахтай ижил ажээ.

Күндалини хүч гэдэг нь жинхэнэ хүч мөн боловч туйлын тогтворгүй чанартай. Тэр ихэнхдээ сармагчин лугаа адил тогтворгүй байдаг. Харин жинхэнэ дотоод сэтгэлийн хүч буюу хамгийн өндрөөс ирэх Дээдгэгээн Эхийн Хүч туйлын тогтуун ба түүнд тогтворгүй чанар огт үгүй. Дотоод сэтгэлийн хүчийг хэрэглэж амар амгаланг түгээхэд тэр нь жинхэнэ амар амгалан байдаг.

Күндалини хүчийг сайн үйлсийн төлөө хэрэглэсэн ч цаглашгүй Амгалан, цаглашгүй Жаргалан, цаглашгүй Гэрлийг яг байгаа байдлаар нь түгээж дийлэхгүй. Хичнээн олон удаа шидийг үзүүлсэн байлаа ялгаагүй түүнийг үзэх хүн тавхан хором сэтгэл баясаад тийм хүчийг олж чадаагүйдээ атаач сэтгэл нь гарч ирдэг. Тэгээд өөрийнхөө хүчийг дахин эс үзүүлбэл үзэж суусан хүнд эргэлзэх сэтгэл төрнө. Тэрээр биднийг хааяа л шид үзүүлж чаддаг юм байна гэж хардана. Күндалини хүчээр шид бүхнийг үзүүлж болох хэдий ч хүний ухамсрыг дээшлүүлэх тухайд бол огтын ашиг тусгүй юм. Тиймээс л бидэнд хамгийн дээд Дүрээр үзэгдэх Дээдгэгээн Охин тэнгэрээс ирэх дотоод сэтгэлийн хүч хэрэгтэй байдаг билээ.

КҮНДАЛИНИ ЙОГ:БУРХАН ЭХИЙН ХҮЧ

Күндалини Йогийн замыг дагахыг бид хүсдэг билүү? Тэгвэл нойронд автах ёсгүй. Түнэр харанхуй ертөнцийн нойронд автах ёсгүй. Түнэр ертөнц гэдэг дотоод нөөц хүчийг сульдаан мохоогч юм. Харанхуй ертөнц гэдэг гадаад боломж чадварыг сүйтгэн бусниулагч юм. Дотоод нөөц хүч сульдан мохохын цагт амьдрал гэдэг гутамшиг болно. Гадаад боломж чадвар сүйдэн буснихын цагт амьдрал гэдэг тэсвэрлэхүйеэ бэрх болно. Чухам хаана дотоод нөөц хүч маань эндэл осолгүй арвижин тэлэх вэ? Гагцхүү Бурхан Эхийн Хүч буюу Күндалинигийн зүрхнээ дотоод нөөц хүч маань тийн арвижиж чадна. Чухам хэдийд гадаад боломж чадвар маань үр өгөөжөө өгөх вэ? Гагцхүү Бурхан Эхийн Хүч буюу Күндалинигийн өлмий дор сөгдөн мөргөхийн цагт гадаад боломж чадвар маань үр өгөөжөө өгнө.

Күндалини Йогийн замыг дагахыг бид хүсдэг билүү? Тэгвэл мятаршгүй зориг тэнхээтэй байх ёстой. Мунхаг, ухамсаргүйн ертөнцөд дайчин баатар мэт байх ёстой. Мунхаг хэмээгч нь биднийг дорой буурай болгодог юм. Өөрсдөө бид буурай гэдгээ ухаарахад дотор маань орших Бурхан Эхийн Хүч нь өөрийгөө дорой болсон мэт санана. Өөрсдөө бид дорой гэдгээ ухаарахад асар цаглашгүй Нигүүлслээрээ Тэрбээр биднийг шантарч няцалгүй зоригжуулж, урамшуулж, гэгээрүүлдэг.

Күндалини Йогийн замыг дагахыг бид хүсдэг билүү? Тэгвэл энэрэн хайрлах ёстой. Бид дотоод Бурхан Эхээ хайрлах ёстой, өмнөө залрах Бурхан Эхээ хайрлах ёстой, дэргэдээ залрах Бурхан Эхээ хайрлах ёстой. Дотор маань залрах Бурхан Эхийн сэтгэл нь гүн билээ. Өмнө маань залрах Бурхан Эх хэмээвээс үзэмж төгөлдөр билээ. Дэргэд маань залрах Бурхан Эх хэмээвээс үлэмж хүчит билээ. Амьдрал хэмээх Сансрын Наадамд наадахын тулд бидэнд Сүнсний Эх хэрэгтэй. Амьдрал хэмээх Сансрын Дууг дуулахын тул бидэнд Үзэсгэлэнт Эх хэрэгтэй. Амьдрал хэмээх Сансрын Бүжгийг бүжихийн тул бидэнд Хүчирхэг Эх хэрэгтэй. Амьдралын Наадам биднийг эрчимжүүлдэг. Амьдралын Дуун биднийг гэгээрүүлдэг. Амьдралын Бүжиг биднийг үхэлгүй мөнхжүүлдэг. Эрч хүч маань хорвоо дэлхийд хэрэгтэй. Гэгээрлийг маань хорвоо дэлхий алдаршуулах учиртай. Үхэлгүй чанарыг маань хорвоо дэлхий нандигнах учиртай.

БАЯСЛЫН ЖИГҮҮР

by Sri Chinmoy

Энэхүү ном нь Өрнөдөд түргэн борлогдсон номын тоонд ороод байгаа бөгөөд дотоод амьдралын гуа сайхан, тэмүүлэл бүхий арвин баялгийг уншигч олонд таниулахыг зорьсон. Оюун ухааны хязгаарлагдмал байдлаас үүсэлтэй тогтворгүй, тодорхойгүй бодлыг дотоод гүн дэх оршнолын ханамж, баяр баягалантай зүйрлэсэн түүх, ёгтлол, жүжгийг та энэхүү бүтээлээс унших болно. “ Жинхэнэ дотоод баяр баясгалан дотроос ундран гарна. Тэрээр гадны ямар ч нөхцлөөс хамаардаггүй юм. Танаар дамжин урсах урсгал баяр баяслын илгээмжийг өөртөө тээнэ. Энэ бурханлаг баяр баясгалан амьдралын цорын ганц зорилго билээ.” хэмээн Шри Чинмой бичжээ.

Номын хэсгээс ....

Баясгалант амьдрал

Бид бүгдээрээ эрэлчид, бидний зорилго нэгэн ижил: дотоод амгалан, гэрэл, баясгаланд хүрч, Эх булагтайгаа салшгүй нэгдэн, жинхэнэ ханамж дүүрэн амьдрахад оршино.

Баяр баясгалантай амьдрах нь дотоод амьдрал билээ. Энэ амьдрал нь өөрийгөө нээхүй рүү хөтөлнө. Өөрийгөө нээнэ гэдэг Бурханыг таньж гэгээрэхүй юм. Учир нь Бурхан болбоос танигдаж, илтэд гарч ирэхээ хүлээн хүн нэг бүрийн дотоод гүнд орших тэнгэрлиг Нэгэн билээ. Тэрхүү Бурханыг бид Дотоод Жолоодогч буюу Дээдгэгээн хэмээн ухаарч болно. Яаж нэрлэсэн ч ялгаагүй дотоод эрлийн маань туйлын зорилго болсон дотор маань залрах Оройндээдийг хэлж буй хэрэг билээ.

Дотоод амьдралаа дэмжин тэтгэх цагт гадаад амьдрал маань утга учиртай болно. Өдөр алгасалгүй бид гурван удаа хооллож, бие махбодоо тэжээдэг. Тэгвэл дотоод гүнд маань сүнс хэмээх балчир хүүхэд бий агаад бид түүнийг хооллох цаг зав гаргадаггүй. Сүнс бол дотор маань орших Бурханы ухамсарт төлөөлөгч билээ. Сүнс хэмээх хүүхэд биелэгдээгүй цагт гадаад ертөнцөд бид өөрсдөө хэзээ ч үл биелнэ.

Гадаад ба дотоод амьдралыг хэрхэн холбох вэ? Бясалгал хэмээх тэнгэрлиг урлагт суралцах аваас энэ хоёр ертөнцийг ухамсартайгаар амархан холбож чадна. Бясалгал үйлдэн ахуйд хором бүр нь гуниг гутрал, айдас, уур хилэнгийн дүрт бусармаг харанхуйг хөөж, дотоод ертөнцийн амгалан, хайр, баясал жаргалан, гэрэл гэгээ зэрэг бурханлаг чанарыг илтэд гаргах алтан боломж болно.

Сэтгэл зүрхний хүн бол эгэл жирийн бөгөөд дуутай шуутай нэгэн байх ёстой. Сэтгэл зүрхний хүмүүн Бурханд хүрэхийн тулд түүний өдөр тутмын ажил үйлс нь бурханлаг үр ашигтай байх учиртай. Бурханлаг үр ашигтай үйлсээрээ бид дотоод баялгаа хуваалцдаг. Үйлс бүрийн цаадах бурханлаг учир шалтгааныг ухаарч, үр өгөөжийг нь бусдад хүртээнэ. Сүслэл хорвоогийн амьдралыг эс үгүйсгэнэ. Гадаад амьдрал нь бидний гүнд орших бурханлаг амьдралын тунхаг болох учиртай.

Ухамсар бол амьдралын оч

Ухамсар нь хүн бүрийг орчлон ертөнцийн амьдралтай холбогч оч юм. Ухамсар бол хүн ба Бурхан, газар дэлхий ба Диваажингийн хоорондох гүүр ажгуу. Ухамсар үгүй бол алив бүхэн усгүй цөл адил болно. Харанхуй газар хаана яваагаа мэдэхийн тулд хүн гэрэл чийдэн асаадаг. Хэрэв бид гэрэл гэгээгүй амьдралынхаа тухай мэдэхийг хүсвэл ухамсрын дэм хэрэгтэй болно. Ухамсар бол шаттай адил юм. Түүний янз бүрийн гишгүүр дээр гарч, өгсөн уруудаж болно. Хэрэв та гүн бясалгал үйлдэх аваас таны өмнө ухамсрын бүх түвшин илтэд үзэгдэнэ. Эхний гишгүүр бол бие махбод, удаах гишгүүр нь тамир юм. Тамир гэдэг Энэтхэгийн гүн ухаанд хэрэглэгддэг нэр томъёо бөгөөд сэтгэлийн хөөрөл, түрэмгий, эрчит чанарыг агуулсан байдаг. Гурав дахь гишгүүр бол ухаан юм. Ухааны чанагш сэтгэлийн зүрх оршино. Сэтгэлийн зүрхэндээ л хүн сүнсний үйл хөдлөлийг мэдэрдэг. Сүнс бол бидний гүнд орших Бурханы гэгээн гэрэлт элч билээ. Тэрээр төрөл, үхэл доройтол буурлыг эс мэдэх агаад үүрдийн, үхэшгүй мөнхийн билээ. Сүнс шууд Бурханаас ирж, Бурхантай холбоотой байх агаад Бурхан өөдөө эргэн буцна.

Хүмүүн төрөл авахын өмнө сүнс, газар дэлхий дээр биелүүлэх бурханлаг зорилгынхоо талаар дотоод айлдварыг хүртдэг. Сүнс эрхэм зорилгоо бүрэн ухамсарлах боловч амьдралын маань явцад эгэл ухааны үйлдэл заримдаа сүнсний бурханлаг урамшил ба эрхэм зорилгыг далдлан хаах нь бий. Тийнхүү сүнсний эрхэм зорилго илтэд гарч эс чадна. Гагцхүү ухаан, зүрх, сүнснийхээ хамтаар тэмүүлсэн цагт бид энэ газар дэлхий дээр юуны төлөө амьдарч буйгаа олж мэдэх болно.

Дотоод дуудлага

Тэмүүлэл бол зүрхний маань гүнээс өөдлөн дээшлэх дуудлага юм. Бид дотоод дуудлагаараа тэнгэрлиг ухамсарт хөл тавина. Энэ дуудлага бол нэр алдрын төлөө биш. Энэ дуудлага бол амьдрал хэмээх завины Дотоод Жолоодогч болсон Бурхантай бүрэн төгс, хариу горьлолгүй нэгдэхийн төлөө байдаг.

Зарим хүн Дотоод Жолоодогч байдгийг огт мэддэггүй. Бас зарим нь Дотоод Жолоодогч байдгийг мэддэг хэрнээ Түүнтэй ямар нэг холбоо, харилцаатай байхыг хүсдэггүй. Чин сэтгэлт эрэлчин бээр Дотоод Жолоодогчтой байнга холбоотой байх шаардлагатайг ухаардаг. Дотор нь Бурхан залран байгааг мэдсэн төдийгөөр түүний сэтгэл эс ханана. Тэрбээр Бурханы ухамсарт оршиж, эргэх хоногийн туршид Түүнтэй хамт байхыг хүсдэг.

Бид өдөр тутмынхаа амьдралд Бурханыг бодит үнэн болгох ёстой. Бурханы оролцоо хамгаас чухал гэдгийг ухаарах учиртай. Хэрвээ хүн өдөр бүр хооллохгүй бол бие махбод өлбөрч туйлдана. Үүнтэй адил хэрэв өдөр бүр залбирч бясалгахгүй байвал сэтгэл зүрхээрээ өлбөрч байгаагаа бид ухаарах учиртай. Өр зүрхнээсээ нулимс асгаруулан тэмүүлэх үедээ бид, дээрээс Бурхан залран буухыг харна. Үлгэрлэвээс энэ нь нэгдүгээр ба гуравдугаар давхарт байгаа хоёр хүн уулзан учрахтай адил юм. Бид дээш хоёрдугаар давхарт гарахад Бурхан бээр доош хоёрдугаар давхарт буун морилно. Тэнд бид учран, бие биенээ биелүүлнэ. Хоёрдугаар давхарт хүрэх шатыг бид зүрхнийхээ уйлаанаар бүтээнэ. Энэ бол тэмүүллийн дуудлага бөгөөд буруу хэрэг тарьчихаад гэмшин унагах нулимс биш юм. Галын дөл ямагт өөдөө бадрах адил зүрх уйлан тэмүүлнэ. Уулын гол урсан буух мэт Бурхан бээр Элбэрэл юутайгаа доош заларна. Тэмүүлэл хийгээд Элбэрэл учран золгохуйд Бурхантай нэгдэхүй хэмээх тэнгэрлиг биеллийг бид олно.

Тиймээ, аливаа дотоод дуудлага бүхэн

Дуулдахгүй өнгөрөх ёсгүй.

Тэгэх ч жамгүй...

 

ДӨЛ ЦЭЦЭГС

by Sri Chinmoy

Анхлан "Нэгэн Түмэн Дөл Цэцэгс " нэртэйгээр зуун дэвтрээр хэвлэгдсэн арван мянган шүлэг бүхий номыг Шри Чинмой багш гаргаж байжээ. Тэрээр энэхүү цуврал шүлгээ 1979 оноос эхлэн туурвиж, 1985 онд өндөрлөсөн байна. Шүлэгт дуртай монголын ард түмэндээ энэхүү бүтээлийн түүвэр 207 шүлгийг англи эх болон монгол хадмал орчуулгын хамт өргөн барьж байна.