“ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ - ЭРДЭНЭТ МАРАФОН” 2017

Монгол улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудад бие бялдарын боловсрол олгох болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх, бүх нийтийн гүйлтийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Өөрийгөө Ялах-Эрдэнэт Марафон бүх нийтийн гүйлтийн 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн бямба гарагт (9-р сарын 16) Эрдэнэт хотноо Амарын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэт үйлдвэр ХХК, Хангарьд спорт клуб, “Жэй Си Ай Эрдэнэт” ТББ, Шри Чинмойн Марафоны Баг ТТБ-ууд хамтран зохион байгуулж явуулав.

Тэмцээн 4 км болон 21км-ын зайд явагдсан бөгөөд, 21км-ын зайд 50-аас дээш, доош гэсэн хоёр насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор, 4 км-ын зайд 18 хүртлэх насны эрэгтэй, эмэгтэй эхний 10 байрыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 18-35 насны, 36-49 насны, 50-аас дээш насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй эхний 3 байрын медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 4-10 байрыг батламж, үнэ бүхий зүйлээр нийт 92 байрны тамирчинг шалгаруулж тус тус шагнаж урамшууллаа.

Тэмцээнд Орхон-Уул аймгийн 6,8,18-р цэцэрлэгүүд, 1,3,7,15,20,2-р сургуулиуд, Прокурорын газар, Мобиком компани, нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, цагдаагийн газар, онцгой байдлын газар, Ирээдүй одод спорт клуб, үндэсний биеийн тамирын дунд сургууль, зэвсэгт хүчний 58, 110, 150-р ангиуд, Булган аймаг, Нийслэлийн СХД, БЗД-ийн тамирчид идэвхтэй сайн оролцлоо. Тэмцээний хамгийн балчир гүйгч нь 7 настай хамгийн ахмад нь 65 настай байлаа. Энэ жилийн тэмцээнд байгууллага хамт олон, багаараа тус тэмцээнд түлхүү оролцсоноороо өмнөх жилүүдээсээ онцлог байв. Тэмцээний туршид гүйгчидийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж замын цагдаагийн газар болон эмч мэргэжилтнүүд ажиллажээ.

Тэмцээний дүнг: https://mn.srichinmoyraces.org/erdenet-marathon/previous-results/2017#no... дараах линкээр орж үзэх боломжтой.