Шри Чинмойн Эвийн Өргөө Энхийн Гүйлт 2022- Монгол оронд

Эвийн Өргөө Энхийн Гүйлт нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх амгалан дэлхийг цогцлоох нэгэн зорилгот тэмүүллийг илэрхийлсэн олон улсын буухиа гүйлт юм. Энхийн гүйлт нь жирийн иргэд, хүүхэд багачууд оролцдог эв эе, энх амгалан амьдралын төлөөх манай дэлхийн хамгийн урт гүйлт төдийгүй өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсноороо онцлог билээ.

Анх Шри Чинмойн  санаачлагаар зохион байгуулагдсан Эвийн Өргөө Энхийн гүйлт нь өдгөө 35 жилийн ойтойгоо золгон 140 гаруй орноор аялан сая сая хүний гараас гарт, зүрхнээс зүрхэнд эв эе, энх амгалангийн уриаг хүргээд байгаа билээ.

Гүйгчид замдаа галт бамбарыг хүлээн авах, үдэж гаргах ёслолын арга хэмжээнүүдэд оролцож  сургууль, цэцэрлэг болон байгууллагуудаар зочлон “Эв нэгдэл надаас эхтэй” уриан дор нөхөрлөл, найрамдал хамгаас чухал гэдгийг таниулах юм.

Энхийн Гүйлтэнд Тереза эх, Ромын Пап лам зэрэг шашны төлөөлөгчид, ерөнхийлөгч  М.С. Горбачёв, Нельсон Мандело  зэрэг томоохон зүтгэлтнүүд, улс үндэстний тэргүүнүүд, Олимпийн аварга Карл Льюс болон эв найрамдлын төлөө итгэл, зүтгэлээ өргөсөн олон мянган хүмүүс оролцож байсан.

Энхийн Гүйлт нь хоёр жил тутамд Америкийн Нью Йорк хотоос гараагаа авдаг. Манай улсад энэ жил тус гүйлт нь 5-р сарын 14-өөс 07 сарын 07 хооронд нийт 54 хоног үргэлжлэх юм.

Энэ жил тус гүйлтэнд ОХУ, Нидерланд, Швейцарь, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын гүйгчид оролцож байна.

Цар тахлын дараа иргэдийн эрүүл мэндэд идэвхтэй хөдөлгөөн, эрч хүч хэрэгтэй байгаа энэ үед Монгол орноо тойрон 21 аймгийн 108 сумын нутаг дэвсгэрийг хамарсан нийт 7250 км зайг эв эеийн бэлэгдэл болсон Галт бамбарыг асаан амжилттай буухиалсаар байна.

Олон улсын Эвийн Өргөө Энхийн Гүйлтийг зохион байгуулахаар Монгол Улсын Засгийн Газар, Шадар Сайдын ажлын алба, Аймаг, Нийслэлийн ЗДТГ, Шри Чинмойн Марафоны Баг ажиллаж байна.

Энхийн гүйлтийн талаар илүү дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл доорх линкээр зочлоорой:

https://www.peacerun.org/mn/