Хөгжим

Шри Чинмой 1984 оноос орон орноор айлчлан Энх тайвны Концертоо тоглож эхэлсэн юм. Концертондоо тэрээр ихэвчлэн 15-20 хөгжмийн зэмсгээр тоглож, хүний сэтгэлийг өндөрт өргөм халуун дулаан, аниргүй намуухан орчинг бий болгодог бөгөөд олон хүн хуран цуглах боломжтой томоохон концертын танхим эсвэл спортын танхимд тоглодог. Шри Чинмойн хамгийн том концерт нь 19 мянган үзэгч үзсэн 2000 оны Монтреалын концерт юм. 2004 онд Прагад тоглосон концертонд 15 мянган үзэгч цугласан ба түүнийг нь үзэх гэж зэргэлдээх улсуудаас олон үзэгч иржээ.

Хэн бүхэн тоглоод байдаггүй Лондон дахь Ройал Олбэрт Холл, Нью-Йорк дахь Карнеги Холл, Токио дахь Ниппон Будокан, Парис дахь Ле Зенит зэрэг алдартай концертын танхимуудад концерт тоглож байсан үеүдээ Шри Чинмой сэтгэлийнхээ угаас нандигнан дурсдаг.

1995 онд Вашингтон хотноо тоглосон түүний Энх тайвны Концертыг Энэтхэг Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ноён Сидаарта Шанкар Рэй нээж, ингэж хэлэв: “Шри Чинмой бол түмэн авъяас цогцолсон суутан, олон гавъяатай алдартан, найрагч, зураач, хөгжимчин, тамирчин, дотоод сэтгэлийн хөтөч билээ. Чухамдаа Рабиндранат Таагүүрийн дэвшүүлсэн хамаг орчлонгийн өв тэгш хүн гэсэн эгнэгт хуучиршгүй ойлголтын бодит жишээ юм.”

Шри Чинмойн дотны анд дэлхий дахинаа нэр нь цуурайтсан их лимбэчин Пол Хорн 2004 онд түүний тоглолтыг сонссоныхоо дараа зурвас илгээж, зурвастаа, “Энэ үдэш тоглосон таны концерт үнэхээр ариун, урмаар бялхам, сайхан байлаа. Чухамдаа таны сэтгэлийн угаас гарсан аялгуу хөгжим ажээ. Хөгжмийн зэмсгүүд тань таны хамгийн дээд, дотоод мөн чанартай тань бүрэн нэгдмэл болж, аялгуу эгшиг нь бид бүгдийн дотоод гүнийн гүнд хүрлээ” хэмээн бичсэн байв.